Туул голын орчимд тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно
2017-02-01

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын биелэлт, явцын талаар УУХҮЯ-ны мэдээллийг сонсов.

 

Өргөдлийн  байнгын хорооноос өнгөрсөн оны 11дүгээр сарын 23-нд Засгийн газарт Туул голын сав газарт элс, хайрга олборлох үйл ажиллагааг зогсоох, хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах, Туул голыг бохирдуулсан иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх эрүүгийн болон захиргааны хариуцлагыг чангатгах зэрэг чиглэл өгсөн юм. Үүний биелэлтийг өнөөдөр УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж танилцуулав.

 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль анх 2010 онд батлагдсан. Үүнээс хойш гурван жил хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоогүй нь зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон байна. Тиймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аас 2014 онд баталж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт олгожээ. Хууль батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 826 өргөдөл аймаг, орон нутгийн Засаг дарга нараар дамжин Ашигт малтмалын газарт иржээ. Үүнээс 273 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 205 өргөдөлд олгох боломжтой талаар дүгнэлт гарсан байна. УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж:

 

-Туул голын орчимд нэгэнт олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй байна. Байнгын хорооны тогтоолын 10 дахь хэсэгт “..түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг Засгийн газарт чиглэл болгосон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох замаар тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэх боломжтой. Иймд 2014 оны Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл түүнийг хүчингүй болгох шаардлагатай хэмээсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв. М.Оюунчимэг гишүүн:

 

-Гадаад орнууд ашигт малтмалын зөвшөөрөл олгохдоо тухайн аж ахуйн нэгжээс нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө авдаг. Барьцаа  хөрөнгийг салбар хариуцсан яаманд хүлээлгэн өгдөг. Ингэснээр аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх нь нэмэгддэг. Гэтэл манайд энэ туршлага одоог хүртэл нэвтрээгүй байна. Нөхөн сэргээлт хийхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй гэсэн юм. Тусгай зөвшөөрөл цуцлах эрх Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар нийслэл, орон нутгийн удирдлагуудад шилжүүлсэн байна. Харин хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэх хэрэгтэй” гэдгийг салбарынхан тайлбарлав. УИХ-ын гишүүн Д.Мурат:

 

-Туул голын бохирдолд нөлөөлж буй нэг томоохон хүчин зүйлүүд нь арьс ширний үйлдвэрүүд. Ер нь бол аймаг бүрт нь арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. 21 аймгаас бүх малынхаа арьс ширийг цуглуулаад, түүнийгээ нийслэлдээ химийн бодисоор цэвэрлээд, ундны ус руугаа хаяад байж болохгүй гэдгийг онцолсон юм. Харин гишүүн А.Сүхбат:

 

-Гэр хороололд 200 мянга орчим ил задгай бие засах газар байгаа гэсэн судалгаа танилцуулсан. Тийм биш. Өмнө нь ухаад, дүүрэх үед буцаагаад булчихсан хэдэн мянган газар бий. Нэг айл 10 жил амьдрахдаа хашаандаа хамгийн багадаа гурван удаа бие засах газар ухдаг. Тиймээс ил задгай бие засах газрыг бетоноор доторлох, түүнийг нь соруулж авдаг системд шилжих хэрэгтэй. Ингэхгүйгээр хөрс, усны бохирдлыг арилгах талаар ярих боломжгүй гэв. 

 

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хуралдааны төгсгөлд "Нийслэл Улаанбаатар хотдоо хөдөө орон нутаг, гадаад улсаас ч Монголын Улсын иргэн бүр ямар нэг байдлаар ирдэг. Тиймээс ундны ус бол иргэн бүрийн эрүүл мэндтэй холбоотой асуудал. Бид энэ чиглэлд анхаарч, Улаанбаатарчуудынхаа ундаалдаг Туул голоо хамгаалахад онцгой анхаарах хэрэгтэй" хэмээлээ. 

 

Ингээд  байнгын хорооноос Туул голыг хамгаалах асуудлаар Засгийн газарт дахин чиглэл өглөө. Байнгын хорооноос өгөх  чиглэлийн төсөлд Туул голын ойролцоо хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөхийг хориглох, Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг төвлөрүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах зэргийг тусгажээ. Мөн барилга, зам, төмөр замын салбарт элс, хайрга олборлохр газар нутгийг тодорхойлох, үүнд тавих хяналтын бүтцийг бий болгохоор тусгасан байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
huurhii suhbat:
YANA DAA KKK ULS TURD BOL GAMSHIG SHU 10 JILD 3 JORLON UHNAA GJ KKK TUR DAMPUURVAA HUURHII
2017-02-01
Газар байхгүй:
Бүгдийг зарцан юм чинь ямар газар олгох вэ!
2017-02-01
Hi:
Zasag bolgon l yaridag shuu dee. Ajil boldoggui um daa tegj bgaad uursduu xuvaaj avaad bdag umaa
2017-02-01
1231:
Nirgesen hoino ni hashhiravdaa? odoo ter goliig toiruulaad buun hashaa biana.
2017-02-01