Бөхийн өргөөнд цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарлаа
2017-02-02

Тариат сумын Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна

 

Монголын уламжлалт Цагаан сарын баярыг угтан Архангай аймгийн Тариат сумын Цагаан идээний үзэсгэлэн худалдаа өнөөдөр Бөхийн өргөөний гадна талбайд  эхэллээ. Уг үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа, Тариат сумын ИТХ-ын дарга Б.Баттогтох, Тариат сумын Засаг дарга Г. Алтан-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тариат сумын Засаг даргын Тамгын газар хамтран үзэсгэлэн худалдааг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаа нь уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулдгаараа онцлогтой. Үзэсгэлэн худалдаанд оролцохоор Тариат сумын 100 гаруй малчин өөрсдийн бэлтгэсэн 80 гаруй тонн цагаан идээг борлуулахаар хүрэлцэн ирсэн байна.  Малчид  өөрсдийн уламжлалт арга технологоор боловсруулсан тавгийн ааруул, айраг, сүү, өрөм, шар тос, бяслаг, мэхээртэй тос, сүүн хурууд, аарц, хорхой ааруул, шимийн архи гээд бүх төрлийн цагаан идээг худалдаалж байна. Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 06-ныг хүртэл Бөхийн өргөөний гадна талбайд үргэлжлэх юм.

 

Дашрамд дурдахад, Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” 2014, 2015 оны үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр 2 удаа шалгарчээ. Түүнчлэн “ Бруцеллёзгүй загвар сум” хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж мал сүргээ эрүүлжүүлж, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Shuud.mn
Сонин хачин