Эрхэм гишүүд хариуцлагаас ингэж зугтаж байна
2017-02-02

 

Сонгуулиар бидний саналыг авч  “Би та нарыг төрд төлөөлнө.Итгэлийг чинь алдахгүй” хэмээн дөрөөндөө сүү дусаалгаж аваад морддог эрхэм гишүүд  маань тэгсхийгээд сураг алдардаг нь монголын улс төрд тогтсон жишиг болоод уджээ.   Мандат өвөртөлсөн өдрөөс хойш намын эрх ашиг, амин хувийн жижиг сонирхол, бүлэг фракцийнхаа хуваарилалтын зарчим,  албан  тушаалын бялууны наймаа хийгээд  талийдаг. Тэгвэл тэдэнд хариуцлага тооцдог болох, сонгогчдын саналаар эргүүлэн татахыг хуульчлах тухай өчнөөн жил ярилаа. Ийм оролдлогууд  хийгдэж, хуулийн төсөл санаачилсан, боловсруулсан, өргөн барьсан.  Харамсалтай нь  хууль батлах эрхтэй төрийн дээд байгууллага нь УИХ болохоор эрхэм гишүүд өөрсдөд нь хариуцлага тооцох, эргүүлэн татах хуулийн  төслийг   юу гэж батлах вэ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны босго  ч давуулалгүй байнгын хороодын хооронд шидэж байгаад унгадаг, эсвэл “баталж болохгүй, зөрчилтэй, алдаатай” гэхчлэн гоочлоод  хууль санаачлагчид нь буцааж орхидог, тодорхойгүй хугацаагаар хойшлуулж мартагнуулдаг .Бүр Улсын Ерөнхийлөгч нь хүртэл хууль санаачилж оруулж ирээд нэмэр алга. Сая л гэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан  Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх асуудлаар  Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахад ч ийм л байдал тод ажиглагдав.

 

Хуулийн төсөлд “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ынболон Засгийнгазрын гишүүн хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам”-ыг нэлээд тодорхой оруулсан зохицуулалт хийсэн байсан. Хууль батлагдаж хэрэгжсэнээр  хууль тогтоомж, тангара, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийг харгалзан хариуцлага тооцох боломж бүрдэх байв. Мөн хууль, ёс зүйн дүрмээ  зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах, эргүүлэн татах, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг  2-4 жил хязгаарлах эрх зүйн орчин бий болох байлаа. Гэтэл байнгын хорооны  гишүүд “Хэсэг бүлэг хүн нийлж намын гишүүдийн саналыг цуглуулан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах санал гаргаснаар шийдэгдэнэ гэдэг төр тогтворгүй болохын шинж” хэмээн эсэргүүцсэн. Зарим нь “Ерөнхийлөгч энэ хуулийн төслөө өнөх парламентын үед өргөн барьж л байсан, унаж л байсан. Нэгэнт унасан хуулийн төслийг буцааж оруулж ирэх нь буруу” гэсэн бол “Найман жилийн өмнө оруулж ирсэн бол болох байсан юм. Одоо албан тушаалаасаа буух гэж байж” гэхчлэн  хэлж  хуулийн төслийг  тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Ингээд өөрсдөө ямар ч хариуцлага хүлээхгүй, сонгогчдоо мартчихаад тэнгэрт суудаалтай мэт чөлөөтэй  нисч явах боломжоо бүрдүүлцгээв. Төрийн өндөр албан тушаалтнууд,  УИХ,Засгийн газрын гишүүд төрийн мөнгө завшсан ч,  хууль бус орлогоо оффшорт нуусан ч, ашиг сонирхлын зөрчилтэй аливаа тушаал, шийдвэр гаргахаас эхлээд ер нь  юу ч  хийж байсан хариуцлага хүлээдэггүй байдал ийнхүү үргэлжлээд явах нь ээ.  Эрхэм гишүүд хариуцлагаас ингэж зугтаж байна.

 

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Arg tumneeree ardin tur hotoo baiguulj zurchiltei huniig tatah heregtei.doroo huchtei evseh heregtei
2017-02-02
зочин:
Ард бид эдний атаг санааны эсэрэг юу ч хийж чадахгүй юу
2017-02-02
Зочин:
Edend negen biye-iin jargal baiwal tvmnii khereg khamaagvildee
2017-02-02