Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг баталлаа
2017-02-02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

Сүүлийн  жилүүдэд төр засгаас жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин эрх  зүйн таатай  орчин бүрдүүлэх чиглэлээр хууль баталж, хэрэгжүүлсээр ирсэн.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан.

Хуулиудыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 191 дүгээр тогтоолоор “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-ыг гарган, шинэчилэн баталсан байна.                Уг тогтоолоор 31 нэр төрлийн 618 ширхэг тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд 2016 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл мөрдөгджээ.

 

Бизнес регистрийн санд бүртгэлтэй 126 560 аж ахуйн нэгжээс 64301 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 84,3% буюу 54237 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч хөдөө аж ахуйн 3380, хүнсний 1292, боловсруулах үйлдвэрийн 2801, худалдааны 21952, үйлчилгээний 4235, бусад чиглэлээр 20577 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. 

 

Жижиг, дунд үйлдвэрийн салбарт 766 910 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 70 хувийг эзэлж байгаа бөгөөд ДНБ-ий 20 хувь, экспортын бүтээгдэхүүний 5 хувийг үйлдвэрлэдэг.

 

Дээрх хууль хэрэгжсэнээр 2014, 2015, 2016 оны 9 сар хүртэлх хугацаанд нийт 1419 иргэн, ААН 3201 төрлийн 7 мянга ширхэг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирсэн бөгөөд 13,2 тэрбум төгрөгний гаалийн чөлөөлөлтөнд хамрагдсан байна.

 

Төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаагийн үр дүнд иргэдийн бизнес эрхлэх хүсэл эрмэлзэл нэмэгдэж, дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж улмаар экспортлох сонирхолтой байдаг Чөлөөлөлтөнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бүтээмж 20-30 хувь нэмэгдсэн байна.

 

Судалгаагаар Мах махан, нөөшилсөн бүтээгдэхүүн, мод боловсруулах модон материал, ноос ноолуур, арьс шир оёдол, сүү сүүн бүтээгдэхүүн жимс жимсгэнэ гэсэн хөнгөн, хүнсний салбарууд чөлөөлөлтөд хамгийн их хамрагдсан байна.

 

Хуулийн үйлчлэх хугацаанд нийт 45 орноос импортоор тоног төхөөрөмж оруулж ирсэнээс 44,4 хувь нь БНХАУ-ын тоног төхөөрөмж байна.

Экспортын барааны сав баглаа боодол болон үйлдвэрлэлд хэрэглэгддэг чухал ач холбогдолтой түүхий эд болон импортод татварын хөнгөлөлт үзүүлдэг. Үндсэн тоног төхөөрөмж түүний сэлбэг хэрэгсэл болон түүхий эдэд ногдох татварын 25%-д татвар ногдуулна. Энэ хөнгөлөлт нь импортын бүтээгдэхүүнийг орлож чадах уламжлалт бус бүтээгдэхүүн экспортлогчдод хамаардаг.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.13-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тусгасан  бөгөөд мөн хуулийн хугацааг үргэлжлүүлэн сунгах талаар бизнес эрхлэгчдээс санал хүсэлт байнга иржээ.

 

Жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн тогтвортой хөгжлийг дэмжих замаар орчин үеийн инноваци шингэсэн шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор татварыг бодлогоор дэмжих нь чухал гэж үзэж байна.

 

Иймээс Ж.Ганбаатар нарын найман гишүүн үндэслэн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулжээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй.  Тиймээс гишүүдийн 88.4 хувийн саналаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа.
 

Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооноос уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсныг гишүүд дэмжив. Ийнхүү Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталсан юм.

 

Уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөхөөр заасан байна. Харин хууль батлагдсантай холбогдуулан гаалийн албан татварын буцаан олголтын ажлыг 2017 оны 03 дугаар сард хүртэл хийх гэнэ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин