Нийгмийн даатгалаа нөхөн төлүүлнэ
2017-02-02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг хэлэлцээд батлав.

 

2012 онд баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн 1990-1995 оны ажиллаагүй тасалдсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан. Гэвч тус хуулинд малчдыг бүрэн дүүрэн хамруулаагүй хэмээн үзсэн тул хуулийн төслийг боловсруулжээ.

 

Хууль ийн батлагдсанаар 491.6 мянган хүн хамрагдана. Нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцсон байна. Харин 1995 оноос хойшхи хугацаанд мал маллаж байгаа болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд даатгалаа нөхөн тооцуулна.

 

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлснөөр тэтгэврийн зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэх боловч цаашид шимтгэлээ үргэлжлүүлэн төлж даатгалд тогтвортой хамрагдсанаар тэтгэврийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд нөлөөлөх аж.  Энэ хууль 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин