Б.Хишигзаяа: Хүүхдийг урлагаар хүмүүжүүлэх нь хамгийн зөв
2017-02-03

 

УДЭТ-ын хамт олон энэ оны анхны шинэ уран бүтээлээ “Царцаа Намжил” хүүхдийн жүжгээр эхлэх гэж байна. Жүжиг энэ сарын 5-нд нээлтээ хийх юм. Ингээд тус жүжгийн найруулагч Б.Хишигзаяатай “Царцаа Намжил” жүжгийн талаар ярилцлаа.

 

-“Царцаа Намжил” жүжгийн онцлог нь юу вэ. Тоглолтын бэлтгэл хэдэн хувьтай явна вэ?

 

- Монгол үндэсний  хэл соёл, сэтгэлгээ, далд ухаан нь дэлхийн бусад орноос ялгарах үндэсний гол бахархал байдаг. Сүүлийн үед үлгэр, оньсого таавар, зүйр үг гээд ардын аман зохиолыг мартах  аюулд хүрч байна. Гар утас, цахим ертөнц дэндүү хөгжсөн энэ үед үлгэрийн сэдэвтэй Монгол зохиол гэдгээрээ онцлог. Жүжигт нийт дөрвөн үлгэр зангилагдаж  хэсэг болгон хэлэх санаа өгүүлж байгаагаараа онцлог.   Тухайлбал буга яагаад эвэртэй болсон, хэрээ яагаад хар болсон, хулгана яагаад нүхэнд нуугдаж амьдрах болсон тухай гардаг. Монгол ардын үлгэр гэдэг гүн гүнзгий утга агуулгатай байдаг тул ардынхаа үлгэрийг сонгосон юм. Тоглолтын бэлтгэл 95 гаруй хувьтай явна.

 

-Та уг жүжгийн ерөнхий найруулагчаас гадна зохиол дээр нь ажилласан. Үлгэрээс сэдэвлэсэн жүжиг гэдэг утгаараа анхдагч болж байх шиг байна?

 

-Сайн зохиолоос сайн жүжиг төрдөг. Ямар ч уран бүтээлийн хамгийн гол зүйл нь зохиол. Үлгэр, жүжгийн зохиол хоёр их ялгаатай. Үлгэрийн санааг жүжгийн зохиолын хэлбэрээр илэрхийлэх, ойлгуулах нь нарийн мэдрэмж шаардсан ажил. Жүжгийн зохиол дээр зохиолч Я.Баяраа хамтран ажилласан. Жүжгийн гол үндсэн санаан дээр тулгуурлан үйл явдлыг эрчимтэй өрнүүлэх, хуваарилах ажлыг бид хамтарч хийсэн. Миний хувьд хоёр дахь удаагаа жүжгийн зохиол дээр ажиллаж байна. Хүүхдийн жүжиг өрөө онцлогтой. Хэлэх санаа, жүжигчдийн тоглолт, хөгжим чимэглэл тайз, хувцас зэрэг нь цогцоороо нэгэн санаанд төвдөрч байж хүүхдэд хүрдэг. Гэтэл хүмүүс хүүхдийн жүжгийг амар гэж боддог. Хүүхдийн жүжиг нь минут, секунд, долиор хэмжигдсэн хариуцлага нэхэж байдаг нарийн ажил. Монгол үлгэрээс сэдэвлэн хийж буй жүжиг гэдгээрээ анхдагч. Хүүхдийн театр үгүй болсноор хүүхдэд зориулсан уран бүтээл хомсдсон. Хүүхдийн уран бүтээл гэдэг үзсэн хүүхдийн зүрх, сэтгэлд олон жил хадгалагдаж, хэзээ ч мартагдахааргүй байх ёстой. “Царцаа Намжил” жүжгийг үзсэн хүүхэд хэзээ ч мартахгүй, гүнзгий сэтгэгдэл үлдээхийг бид зорьж байна.  Хүүхэд харсан зүйлээ шууд хүлээж авдаг. “Царцаа Намжил” жүжгийг үзээд хэзээ ч царцаа Намжил шиг байж болохгүй юм байна, эрдэм номоо хичээнгүйлэн сурах хэрэгтэй юм байна гэдгийг хөгжим, харилцан яриа, тоглолт зэрэг жүжгийн үйл явдлаар дамжуулан, сонирхолтой байдлаар хүүхдэд ойлгуулах болно. 

 

 

-Жүжгийн дүр сонголтын хувьд ярихгүй юу?

 

-Гол дүрд царцаа Намжилд Б.Золжаргал тоглож байгаа. Залуу жүжигчдийн дундаас өөрийгөө таниулж, нээж чадсан, цаашид хөгжих боломжтой жүжигчин юм. Золжаргалын хүүхдийн жүжгийн анхны гол дүр. Ардийн жүжигчин П.Цэрэндагва, Ж.Пүрэвдорж гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар маань Эрлэг номун хаан болон түүний хатны дүрд тоглож байгаа. Номын багшийн дүрд соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд нар тоглож байгаа. Эдгээр жүжигчдээс бусад нь залуу жүжигчид. 

 

-Та СУИС-ийн ТУС-ийн багш. УДЭТ-тай холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу?

 

-Би УДЭТ-ын орон тооны найруулагч биш. СУИС-д Жүжигчний уран чадварын багшаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Уран бүтээлч, залуу хүний хувьд хөгжих, шинийг хийх байнгын эрэл хайгуул хийж явдаг. 2008 онд УДЭТ-т  “Лусын дагина” жүжгийг найруулан тавих боломж надад тохиосноор энэ том байгууллагын чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломж тохиосон юм. Энэ жүжиг миний анхны бие даасан уран бүтээл байсан. Үүнээс хойш “Онц сурлагатнууд орохыг хориглоно” “Солгой харандаа”, “Их ид шидтэн” зэрэг 7-8 хүүхдийн жүжиг хийжээ. Нэг бүтээлийн ард 100 орчим хүний хөдөлмөр оршдог. Тайзны зураач Л.Цэрэндулам, Хөгжмийн зохиолч Б.Цацрал, Бүжиг дэглээч хөдөлгөөний найруулагч  Г.Ган-Очир, Гэрлийн найруулагч Ц.Эрдэнэбат, Хөгжмийн найруулагч Б.Батсайхан, Т.Ган-хуяг, жүжиг чимэглэийн эрхлэгч Н.Батбилэг болон тайз гэрэл шум, жижиг хэрэглэл, оёдол, мужаан зэрэг арын албаныхандаа баярлаж байгаагаа илэрхийлье.

 

-Хүүхдийн уран бүтээл дээр ажиллах болсон шалтгааныг тань сонирхвол? 

 

-Найруулагч, жүжигчний мэргэжилтэй ч жүжигчнээсээ илүү найруулагчаар тэр дундаа хүүхдийн жүжгийн найруулагчаар түлхүү ажиллаж байна. Хүүхдийн уран бүтээлтэй түлхүү холбогдох болсон шалтгаан нь би өөрөө эх хүн. Хүүхэдтэй илүү ойр байдаг хүний хувьд манай улсад хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмж, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрх зэрэг хүүхдэд хамаарах бүх зүйл орхигдож байна гэж хардаг. Үүнд эмзэглэдэг. Хамгийн гол нь хүүхэд ямар хүн болон төлөвших нь хүүхэд байхаас л шалтгаална. Ирээдүйд монгол орны хөгжил ямар байх нь хүүхдээс шалтгаална. Гэтэл бид завгүй гэсэн шалтгаанаар хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд анхаарч чадахгүй байна. Хүүхдийг урлагаар дамжуулан хүмүүжүүлэх нь хамгийн зөв арга. Хүүхэд үзэж буй жүжигтээ чин сэтгэлээсээ итгэж, баярлаж, хөөрч, догдолж хүлээн авдаг. Тэр мэдрэмж үнэхээр сайхан. 

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

...
Shuud.mn
Сонин хачин
Naranjargal:
ok
2017-02-06
ugui yahav daaa:
buhe buten uls shuu ym bn daa gants ch gesen iim saihan medee blgui dee
2017-02-03
зочин:
Миний үеийнхэнийг багад 21 цагт радиогоор Үлгэрийн цаг эхэлнэ.Радиогоо чангалчихаад чих тавин сонсдог байж билээ.Тэр үед Царцаа Намжилүлгэрийг сонсоод яасан сэргэлэн ламбугайн дүр төрхийг дүрслэн бодно. Хүүхэд насны минь монгол баатар байждээ
2017-02-03
zochin:
har tamhichid beltgeheer uu
2017-02-03