Харваачдад Дархан мэргэн цол олгоно
2017-02-03

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төсөлд үндэсний баяр наадамд байр эзэлсэн сур харваач нарт цол олгохоор тусгасан байна.   Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын  даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохаар тус тус заажээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Г.Занданшатар “Хууль эргэж үйлчлэхэд хичнээн хүнд олгохоор байна вэ. Сурын холбоод дээрээ хэлэлцээд явж болохгүй юу. Цолны асуудлыг хэн хариуцдаг вэ” гэдгийг асуулаа. Хууль санаачлагач гишүүн О.Баасанхүү “Манайх уламжлалаа хадгалж ирсэн. Сурын харваач нар наадмаар хоёрхон хүн шагнуулдаг. Үлдсэн нь Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагддаггүй. Бид үндэсний уламжлалт сур харваагаа тэгштгэж олгох нь зүйн хэрэг байх. Өмнөх хуулиудаар цол хэргэмийг нь нөхөж олгож байсан. Гоц харваач, гарамгай харваач нарыг байдаг. Сур бол ямар ч булхайгүй спорт. 65-75 метрээс харвана гэдэг гайхамшиг. Энэ хуулийг баталснаар залуучуудын сонирхлыг татах хэрэгтэй” хэмээлээ.

 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дуусав. Дараагаар нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхийлөгчийн зарлигаар энэ цолыг олгох нь зүйтэй. Сурчдын холбооныхон нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Одоогийн харваж байгаа сумыг манж сумаар харваж байна гэдэг юм билээ. Цаашдаа үндэснийхээ нум сумыг өөрийнхөө харвааны төрөлд оруулах хэрэгтэй. Үндэсний нум сумыг яаж хийж ирсэн талаар анхаарч ажиллаарай. Хуулийн төслийг дэмжиж байна хэмээсэн юм. Гишүүн Д.Гантулга “Эрийн гурван наадмаас бүсгүйчүүд маань ганцхан сурын харваанд орох боломжтой байдаг. Жуулчдаас эхлээд Төрийн тэргүүн ч бас нум сум тавьж, жилийн өнгөө хардаг. Манай Хэнтий аймагт сур харваагаар хичээллэдэг. Тиймээс сум, аймгийн цолыг ч оруулах нь зүйтэй байх” гэсэн санал хэллээ. Гишүүн Г.Мөнхцэцэг “Эмэгтэйчүүдийн маань оролцоог нэмж өгдгөөрөө сурын харваа хэрэгтэй. Цол хэргэмийг төрийн бус байгууллага, холбоодоор дамжуулж олгодог байсан. Үндэсний сурын харвааны цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгохыг дэмжиж байна” хэмээв.

 

Ингээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн нэр томъёоллоор санал хураалт явуулав. Гишүүдийн 81.4 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллэв.

 

Дараагаар нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ZA INGEED BAASANKHUU 10- 20 SAYIIG AWAKH UUD NI NEEGDEW EE KHUU
2017-02-03