Валютын нөөцийг хамгаалахад алт томоохон үүрэг гүйцэтгэнэ
2017-02-07

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа.  Байнгын хорооны хуралдаанаар  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын хэрэгжилт, 2017 оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаарх Монгол банкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсов.  Монголбанк 2016 онд ТБҮЦ борлуулах болон “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын санхүүжилт зэрэгт зориулж зах зээлд 1.5 их наяд төгрөг нийлүүлжээ. Монголбанкны шинэ удирдлагууд хөрөнгийн орох урсгал татарсан үед мөнгө нийлүүлэх арга хэмжээ авсан нь төгрөгийн ханш огцом  сулрах үндэс тавигдаж, валютын ханш өссөн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

 

-Миний бие өнгөрсөн оны наймдугаар сард ажлаа хүлээж аваад эдийн засгийг тогтворжуулах, ирээдүйд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гадаад валютын нөөцийг хамгаалах чиглэлээр бодлогын өөрчлөлт хийсэн. Төсвийн шинж чанартай санхүүжилтийг хязгаарлах, гадаад валютын нөөцийг хамгаалах, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх, банкны салбарын тогтвортой байдлыг хангах бодлогын цогц арга хэмжээ хэрэгжүүллээ. Үүнээс өмнө иргэд хадгаламжид байгаа төгрөгөө валютаар солих нь нэмэгдэж байсан. Тиймээс нэн тэргүүнд мөнгөний бодлогын хүүг 4.5 хувиар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн. Ингэснээр зээлийн хүү өсөхөөс сэргийлж, төгрөгийн ханшны уналтыг зогсоож чадсан юм. Нөхцөл байдал харьцангуй дээрдсэн үед буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөнгөний бодлогын хүүг нэг хувиар буулгах шийдвэр гаргасан. Дараагаар нь арилжааны банкуудаас Монгол банканд заавал байлгах нөөцийн хүүг жилийн долоон хувьд хүргэлээ. Энэ бүхний үр дүнд үндэсний аж ахуйн нэгжүүдийн экспортын орлого 25 хувиар нэмэгдсэн.

 

Засгийн газартай хамтран “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэ хөтөлбөр хэрэгжих шатандаа явж байгаа. Түүнчлэн алт худалдан авах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулж байна. 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан бол энэ жил 25 тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Мөн өнгөрсөн онд 660 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилт олгосон.

 

Монголбанк 2016 онд нийт 197 удаагийн гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, нэг тэрбум 424 сая ам.доллар, нэг тэрбум 855 сая юаны гүйлгээ хийлээ. Энэ нь сард дунджаар 116 сая ам.долларын арилжаа хийсэн үзүүлэлт юм. Монгол Улс энэ оны гуравдугаар сарын 21-нд 600 сая ам.долларын өр төлнө. Мөн наймдугаар сард БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлэлцээр дуусна. Одоогоор Монгол Улс 1.7 тэрбум ам.доллар авч ашиглаад байгаа. Ирэх оны нэгдүгээр сарын 05-нд Чингис бондын 500 сая ам.долларын төлбөр төлөх ёстой.  Хүү нь 50 сая ам.доллар.  Эдгээр өрийг дарахын тулд Монголбанкны валютын нөөцийг хамгаалах чиглэлд гол анхаарлаа хандуулж байгаа.

 

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын голлох түүхий эдийн зах зээлийн төлөв байдлын талаар судалгаа, шинжилгээ хийх зэрэг ажлыг 2017 онд хийхээр төлөвлөж байна. Валютын нөөцийг хамгаалахад алт худалдан авах нь томоохон үүрэг гүйцэтгэнэ. Мөн эдийн засгийн гол түнш орнуудын төв банкуудтай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл хийхээр ажиллаж байгаа. Тухайлбал, ОХУ, БНСУ, Япон улсын Төв банктай хамтран ажиллахаар ярилцаж байна.

 

Эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах бодлого хэрэгжүүлж байна. Засгийн газар, Монголбанк ОУВС-тай хэлэлцээр хийж байгаа. Хэлэлцээрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авах, санхүүгийн сахилга батыг өндөржүүлэх, эдийн засгийг эрүүлжүүлэх алхам хийхээр төлөвлөж байна.

 

2017 онд банкны салбарт нэлээд чухал ажлууд хийнэ. Нэн тэргүүнд гадаадын банкнуудын үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчныг боловсронгуй болгох нь чухал. Саяхан дэлхийд томоохонд тооцогдох Хятадын Худалдаа, аж үйлдвэрлэлийн банкинд Монгол Улсад төлөөлөгчийн газар нээх зөвшөөрөл олгосон. Үндэсний төлбөр тооцооны системийн зохицуулалтын талаар томоохон шинэчлэлийн ажил эхэлж байгаа. Одоо УИХ дээр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Хуулийг баталснаар төлбөр тооцооны системийг шинэ түвшинд гарна. 2017 онд банкны системийн хуульд эрс өөрчлөлт хийнэ. Тухайлбал, Монголбанкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа. Үүнд ОУВС-гийн мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгсөн. 1994 онд батлагдсан Валютын зохицуулалтын тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны хуулийг шинэчлэн найруулах, Мөнгө угаах болон тероризмийг санхүүжүүлэх тухай хуулийг олон улсын стандартад нийцүүлнэ хэмээлээ.

 

Төв банкны Ерөнхийлөгч мэдээлэл хийснийхээ дараагаар гишүүдийн асуултад хариулсан юм. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-2015 онтой харьцуулахад чанаргүй зээлийн хэмжээ 45 хувиар нэмэгдсэн байна. Энэ хэмжээгээр эдийн засаг агшиж байна гэсэн үг. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017 онд хэдэн хувьтай байхаар төсөөлж байгаа вэ. Бид валютыг экспорт болон гадаадын шууд хөрөнгө оруулалтаас олдог. Одоо Монгол, БНХАУ-ын гадаад харилцааны асуудлаас үүдэн 1.7 тэрбум ам.долларын своп хэлцлийн хугацааг сунгах эсэх нь тодорхойгүй болоод байна. Тэгэхээр гадаад орчны эрсдлээ яаж тооцоолж байгаа вэ?

 

-Монголбанк 2017 онд эдийн засгийн өсөлт 0-1 хувь байна гэж тооцоолж байгаа. Харин гадаад орчны асуудал ярих бол байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжлүүлэх хэрэгтэй. Энэ бол эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой хэмээн хариулав.

 

Байнгын хорооны гишүүдээс эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг дараа нь хаалттай хуралдаж, хэлэлцэх хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Харин Монгол банк хаалттай хуралдаанаар  мэдээллээ дэлгэрэнгүй өгөх боломжтой юм байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин