ХСИС, Үндэсний ДАТА төвтэй хамтран ажиллана
2017-02-08

Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав, “Үндэсний Дата төв”-ийн захирал Б.Батжаргал нар 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага “Төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал”-аар  эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх юм.

 

 

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд ХСИС-ийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав, Хууль сахиулахын удирдлагын академийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа В.Бямбасүх, Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Түмэнтулга, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Мэдээлэл, технологи, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа В.Энхтайван, “Үндэсний Дата төв”-ийн захирал Б.Батжаргал,  Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Төрбат нар оролцлоо.

 

 

Энэ үеэр Хууль сахиулахын удирдлагын академийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар “Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд Хууль сахиулахын их сургуулийн үүрэг, оролцоо өндөр байх ёстой. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх, програм хангамжийг сайжруулах хүрээнд “Үндэсний дата төв”-тэй хамтарч ажиллана. Аюулгүй байдал судлал гэдэг их өргөн хүрээтэй асуудал. Тэр ч үүднээс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр түшиглэж хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх болно” гэдгийг хэлээд Хууль сахиулахын их сургууль, “Үндэсний дата төв” хамтран ирэх хавар буюу 04, 05 дугаар сард Засгийн газрын байгууллагуудын дунд мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар үндэсний хэмжээний форум зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцоллоо.

 

 

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Shuud.mn
Сонин хачин