МҮОНРТ эрүүл мэндийн мэдээ мэдээллийг дамжуулна
2017-02-08

 

Аливаа улс орны үнэт баялаг нь хүн бөгөөд түүний эрүүл мэндэд “хөрөнгө оруулна” гэдэг нь боловсролд хөрөнгө оруулж байгаатай адил улс орны эдийн засгийн өсөлтөд хандив оруулж байна гэсэн үг  юм. Хүний эрүүл мэндэд нөлөөлөгч хүчин зүйлсийг 100 хувь гэж авч үзвэл түүний 55-60 хувь нь тухайн хүний боловсрол, зан үйл, амьдралын хэвшлээс, 25 хувь нь бусад салбарын эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаа буюу салбар дундын хамтын ажиллагаанаас, 10 хувь нь эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас, 5 хувь нь удамшлын болон төрөлхийн хүчин зүйлээс тус тус шалтгаалдаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байна. Энэ ч үүднээс ЭМЯ, МҮОНРТ-тэй эрүүл мэндийн салбарын сургалт сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Цогтбаатар ,Монголын үндэсний олон нийтийн радио телевизийг төлөөлж Монголын мэдээ сувгийн захирал Ч.Батцэнгэл нар байлцлаа. 

 

 

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглаж хувь хүн  өөрийнхөө төдийгүй өөрийн үр хүүхэд, гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх, эрүүл амьдрах хэв маягийг хэвшүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг нийт ард иргэдэд тодорхой давтамжтайгаар, тасралтгүй, хүргэж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин