29 мянган хүүхдэд 452 сая төгрөгийн эм үнэгүй олгосон
2017-02-08

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газраас тав хүртэлх насны хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан уг өвчний үед хэрэглэх эм бэлдмэлийг хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаал гаргаж, нэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 10 нэр төрлийн эм бэлдмэлийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгож эхлээд байна. Үнэгүй эмийн олголтын явц, үр дүнгийн талаар Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

 

Урьдчилсан байдлаар 29 мянга 400 хүүхдэд 452 сая төгрөгийн эмийг Нийгмийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлттэйгээр олгожээ. Үнэгүй эм олгож эхэлснээр томуу, томуу төст өвчний дэгдэлт буурсан гэдгийг ЭМЯ-ны эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэг хэлэв.

 

Мөн нэгдүгээр сарын эхний долоо хоногт томуу, томуу төст өвчний дэгдэлт их байсан бөгөөд Нийслэлийн хэмжээнд 798 орон дээр 1600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж орны тоо 20 гаруй хувиар хэтэрсэн байсан. Харин өнөөдөр орны тоо хэтрээгүй, 798 орон дээр 685 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгааг тус яамны эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Ө.Энхмаа хэллээ.

 

Нийтдээ Улаанбаатар хотын 318, хөдөө орон нутгийн 490, нийт 808 эмийн сангаар 0-5 хүртэлх насны хүүхдийн эмийг  үнэгүй олгож байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин