Энэтхэг улстай эрүүл мэндийн салбар хамтран ажиллана
2017-02-09

 

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Энэтхэг Улсад энэ сарын 3-наас 7-ны өдрүүдэд ажлын айлчилал хийлээ. Энэ үеэр Дэд сайд Л.Бямбасүрэн Шинэ Дели хотноо Энэтхэг улсын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан Эрүүл мэндийн технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон юм. Тус үзэсгэлэнд Энэтхэг улсын 100 гаруй техник технологийн компани бүтээгдэхүүнээ танилцуулсан ба уг үзэсгэлэнгийн түншээр Япон улсын Засгийн газрыг төлөөлж Энэтхэг улс дахь Япон улсын Элчин сайдын яам оролцож, тус улсын томоохон компаниуд бүтээгдэхүүний дээжээс танилцуулжээ.

 

 

 

Дэд сайд Л.Бямбасүрэн айлчлалын үеэр Энэтхэг улсын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Шри Си Кэ Мишратай албан уулзалт хийж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Дэд сайд Л.Бямбасүрэн Энэтхэг улсын Засгийн газарт хандан эрүүл мэндийн технологийн томоохон үзэсгэлэн анх удаа зохион байгуулж байгаад нь баяр хүргээд, урьж оролцуулж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яамтай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээ 2009 онд, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын АЮУШ яам хооронд уламжлалт анагаах ухаан, гомеопатийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг 2015 онд байгуулагдсан талаар онцолсон юм. Түүнчлэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр хоёр талаасаа идэвхтэй ажиллах хэрэгтэй байгаа тухай дурдлаа. Ноён Шри Си Кэ Мишра Дэд сайд Л.Бямбасүрэнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн хурлыг Шинэ Дели хотноо зохион байгуулах саналыг тависанаар уулзалт өндөрлөсөн юм.

 

Shuud.mn
Сонин хачин