Ахмадын үндэсний чуулган маргааш эхэлнэ
2017-02-09

 

Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого, УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуулийг сурталчилан таниулах зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулганыг маргааш Төрийн ордын Их танхимд зохион байгуулах гэж байна.

 

Энэхүү чуулганд бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөл 600 гаруй ахмад настан оролцох ба холбогдох яамд, Ахмадын холбоо илтгэл, мэдээлэл хэлэлцүүлж, ахмадуудын санал, хүсэлтийг сонсон хүлээн авч, цаашид төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгаж ажиллах юм. Үндэсний чуулган нь Засгийн газрын ахмад настны талаарх зорилтууд, Ахмад настны тухай хуулийг сурталчлан таниулах цаашид төрөөс ахмадын талаар гарах шийдвэр бодитой байхад чухал ач холбогдолтой. Ахмадын чуулган маргааш буюу 02 дугаар сарын 10-ны өдөр 09:30 цагт Төрийн ордны Их танхимд эхэлнэ. Чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Монголын ахмадын холбооны төлөөллүүд оролцох юм.

 

Манай улсын хувьд хүн амын бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо 280 мянгад хүрээд байгаа. Үүнийг нийт хүн амын сүүлийн 10 жилд 16,1 хувиар өссөнтэй харьцуулахад ахмад настан 21,9 хувиар нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлт гарч байна. Энэ нь манай улсад хүн амын “цонх үе” дуусч, насжих үйл явц эхлэх гэж байгааг илтгэж буй юм. Иймээс ахмад настнуудад чиглэсэн төрийн бодлогыг одооноос оновчтой тодорхойлоод явах шаардлагатай байна. Ахмад настны тоо жил тутам өсч байгаа ч тэдний 60 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх чадамжтай, нийгмийн амьдралд оролцож, өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлагаа залуу үедээ өвлүүлэх чин хүсэлтэй байдаг аж.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Чөлөөт ахмадын холбоо баасан хаачив.ахмад хүнээ яана гээд бгаа нөхөдүүд вэ.тодорхой хэлж үзээрэй
2017-02-09