Өнөөдөр намрын чуулган хаалтаа хийнэ
2017-02-10

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Намрын чуулган хаалтаа хийхийн өмнөхөн хуулиудыг ар араас нь бөөндөн баталлаа. Энэ нь аль ч парламентын үеийн гэм шиг зан. Өнгөрсөн долоо хоногт парламент нийгмийн шинж чанартай таван хуулийг шөнө дөл болтол хуралдан батлан гаргасан. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцох,  малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулахаар болсон билээ.

 

Тэгвэл өчигдрийн хуралдаанаар  Цагдаагийн албаны тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Хэнтий Ханыг уулыг Бурхан Халдун уул гэж өөрчлөн нэрлэх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, дотоодын цэргийн тухай зэрэг 10 орчим хуулийг  цаг сунган хуралдаж батлан гаргалаа.

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай батлагдсанаар архидан согтууртсан этгээдийг эрүүлжүүлэхэд цагдаагийн хамгаалалт, эмчийн хяналттай 24 саатуулахаар тусгаж байгаа юм.

 

Харин  Үндэсний их баяр наадмын тухай хуульд  сурын харваачдад улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач цол олгохоор тусгасан байна. Мөн нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цолыг  тус тус олгохоор боллоо.  Энэ хуулийг УИХ-ын О.Баасанхүү санаачилсан юм.

 

Чуулган  хаалтаа хийхийн өмнө  “Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. УИХ-ын хаврын чуулганаар Ерөнхийлөгчөөс 5, Байнгын хороодоос 33 нам, эвслийн бүлгүүдээс 61, нийт 99 хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхээр оруулж ирсэн байна. Жишээлбэл, ирэх хаврын чуулганаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай,  “Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай”  УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан,  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Үндэсний төлбөрийн системийн тухай зэрэг хуулийн төслүүд  багтжээ.

 

Намрын чуулган өнөөдөр  Хөгжлийн банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Зөрчлийн хуулгийг хэлэлцэх эсэхийг шийдэн, УИХ-ын гишүүний асуулгы хариуг сонсноор хаалтаа хийнэ.

Н.Энх 

Shuud.mn
Сонин хачин