“Хөх тэнгэрийн хаалга” нээгдлээ
2017-02-17

 

Монгол Улсад анх олон улсын нисэх буудал үүсч хөгсөний түүхт 60 жилийн ой өнөө жил тохиож байна. Тиймээс ойг угтсан эхний арга хэмжээний нэг болох “Хөх тэнгэрийн хаалга” нэртэй үзэсгэлэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын орон нутгийн зорчигчдийн танхимд өнөөдөр нээгдлээ. Нээлтэд Зам, тээвэр хөгжлийн Дэд сайд Ц.Цогтгэрэл, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, “Чингис хаан” ОУНБ-ын захирал Д.Мөнхбаатар болон үе үеийн ахмад, залуу үеийн төлөөлөл, зорчигч, үйлчлүүлэгчид, агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгч авиа компаниудын төлөөлөгчид оролцлоо. 
Анх “Буянт-Ухаа” нэртэй нисэх онгоцны төв буудал 1957 оны 2-р сарын 22-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор байгуулагдаж байжээ.

 

Тус тогтоолд дурьдсанаар “Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны дэргэд БНМАУ-ын Агаарын харилцааны газрыг байгуулж, тус улсын гадаад, дотоодын агаарын харилцааг эрхлүүлсүгэй” гэж заасан байв. Монгол Улсын гадаад, дотоод агаарын харилцааны үйл ажиллагааг нэр бүхий яаманд хамаатуулсан нь иргэний агаарын тээврийн салбарыг стратегийн салбарт багтааж байсны түүхэн илэрхийлэл юм. Ийнхүү Монгол Улс олон улсын нисэх буудалтай болсонд ЗХУ-аас баяр хүргэж, тухайн үед ИЛ-14 онгоцыг бэлэглэж байв. Хөрш орны тус бэлгийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Х. Чойбалсан гардан авч, одоогийн “ЧИНГИС ХААН” олон улсын төв нисэх буудлаас “Зөвлөлт оросын ард түмний бэлэглэсэн энэ онгоцыг бид улсаа батлан хамгаалах, бэхжүүлэх зорилгоор өөрсдөө ашиглах болно” хэмээн тэмдэглэсэн байдаг.

 

Иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагааны гол гүйцэтгэл гагцхүү нисэх буудлын нислэгийн зурвас хийгээд түүний эргэн тойрон дахь байгууламж, ажилтан, албан хаагчдын хариуцлагаас шууд хамааралтайгаар хангагдаж байдгийг Х.Чойбалсан тодотгосон нь энэ юм. “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдох тулгуур салбар болохыг Сайд нарын зөвлөлийн 1957 оны тогтоолоор нотлон тэмдэглэжээ. Уг түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “ЧИНГИС ХААН” нисэх буудлын хамт олон “Хөх тэнгэрийн хаалга” хэмээх салбарын үе, үеийн хөгжлийг танилцуулсан үзэсгэлэнг гаргаж байгаа нь 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй эхний ажил болж байна. 


Далайд гарцгүй, дэлхийн хоёр том гүрэнтэй хиллэх геостратегийн онцлог газар зүйн бүтэцтэй Монгол Улс үндэсний эдийн засгийнхаа тасралтгүй эргэлтийг хангах болон тус салбарын аюулгүй байдлыг хамгаалахад иргэний нисэхийн салбар чухал үүрэгтэй талаар 2013 онд УИХ-аас баталсан “Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгаад байгаа. Тухайлбал, агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжих, ОХУ болон БНХАУ-тай агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсыг энэ хоёр улсын хооронд агаарын тээврийн транзит үйлчилгээний төв болох чиглэлийг баримтлах зэрэг бодлогын үндсэн зарчмуудыг тусгасан байна. Энэ оны наймдугаар сард Олон улсын иргэний нисэхийн байгууллага(ICAO)-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товлогдсон. Энэ нь “ЧИНГИС ХААН” нисэх буудлын үйл ажиллагаа олон улсын нисэх буудлуудын жишигт нийцсэн транзит танхим, томоохон агаарын хөлгүүдийг хүлээн авах хүчин чадал бүхий аэродромтойг сурталчилсан таатай үйл явдал болно гэдэгт салбарынхан итгэлтэй байна. 


Түүхт 60 жилийн ойтойгоо золгож буй “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудал энэ оныг “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх жил”-ээр зарлажээ. Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь цагт 1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, 24 цагийн үйл ажиллагаатай ажиллаж байна. Түүнчлэн Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал руу үйл ажиллагаагаа хүндрэлгүйгээр шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм. 


“Хөх тэнгэрийн хаалга” үзэсгэлэн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Nambaa:
Kh.Choibalsan 1952 ond nasbarsan gedeg bish uu !!!! 1957 il-14 ongots huleej avsan . Yu gesen ug uuu !!!!!!
2017-02-19