Жоли экс нөхрийнхөө талаар ярихаас татгалзав
2017-02-20

 

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өчигдөр Британийн “ВВС” агентлагт шинэхэн уран бүтээлийнхээ талаар ярилцлага өгсөн билээ. Тэрбээр “Камбож охины тэмдэглэл: Тэд эхлээд миний эцгийг хөнөөсөн” киног найруулсан юм. Уг бүтээл хэдхэн өдрийн дараа нээлтээ хийнэ.

 

Жүжигчин эмэгтэй киноныхоо талаар ярихаас гадна хувийн амьдралынхаа талаар ярьжээ. Тэрбээр өнгөрсөн онд нөхөр Брэд Питтээс салах өргөдлөө шүүхэд өгсөнөөс хойш анх удаагаа хэвлэлд ярилцлага өгчээ.

 

Сэтгүүлч “Таны салалт олон хүнд хүндээр туссан. Брэд та хоёрын харилцаа ямар байна?” хэмээн асуухад жүжигчин хариулахаас татгалзаж “Би түүний талаар ярьмааргүй байна” гэж хариулжээ.

 

Брэд, Жоли нар 2005 онд “Ноён, хатагтай Смит” кинонд хамтран тоглож, 2014 оны долоодугаар сард хуримаа хийсэн ч 2016 оны есдүгээр сард шүүхэд салах өргөдлөө өгсөн билээ. Жоли хүүхдүүдийнхээ хамтаар Парис хотноо амьдарч буй юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин