Монголын дөрөв дэх Жульетта
2017-02-23

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид ирэх У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг тоглоно.  Монголын театрын дөрөв дэх Жульеттагаар сонгогдоод буй УДЭТ-ын жүжигчин Г.Номуунаас дараах тодруулгыг авлаа.

 

 

-Эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдөл гэгддэг Жульеттагийн дүрд сонгогдсонд баяр хүргэе. Дүрийн сонгон шалгаруулалтын талаар ярихгүй юу?

 

-“Ромео, Жульетта” тавигдана гэж байхад Жульеттагийн орлон жүжигчнээр шалгарч, О.Дөлгөөнтэй ээлжилж тоглохоор болсон. Эрдэнэт хотод очихдоо Жульеттагийн дүрд тоглосон. Өөрөөр хэлбэл, хоёр дахь удаагаа энэ дүрд тоглох гэж байна. Миний ээж театрын арын албанд ажилладаг тул би багаасаа театртай ойр өссөн. Тэнд тавигдаж байгаа бүх л жүжгийг шимтэн үздэг байлаа. 1996 онд Ч.Найдандорж найруулагчийн найруулсан “Ромео, Жульетта”-г тэргүүн эгнээнд суугаад уйлж үзэж байсан. Тэр үед зургаахан настай хүүхэд юу ойлгосон болоод тэгж их догдолж байсныг гайхдаг. Тухайн үед Жульеттад жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа эгч, Ромеод нь О.Гэрэлсүх, Д.Алтанбагана ах ээлжилж тоглож байсан. Дараа нь О.Дөлгөөн Жульеттад тоглосноор би дөрөв дэх Жульетта болж байна. Өмнөх Жульетта нараас юугаараа ялгарахыг үзэгчид л хэлэх байх даа. Гуравдугаар сарыг манай театр сонгодог жүжгийн сар болгон зарласан. Жүжиг маань гуравдугаар сарын 6-8-нд тоглогдох болно.

 

-Таны нөхөр УДЭТ-ын залуу жүжигчин Г.Алтангэрэл.  Амьдралынхаа Ромеотой хэрхэн учирч байв даа?

 

-Нөхрийгөө анх хараад дээд дамжааны ах байна даа л гэж харж байлаа. Тэр хүнтэйгээ нэг л мэдэхэд гэрлэчихсэн. Нөхрийнхөө ямар ч асуудалд нуруутай ханддаг, монгол эр хүний чанарт нь татагдсан гэх үү дээ. Амьдралынхаа хамгийн том сонголтыг зөв хийсэн гэж боддог. Би эхээс дөрвүүл. Олуулаа байх биендээ тус дэмтэй, сайхан байдаг. Тиймээс олон хүүхэдтэй болно гэж бодож байгаа. Хүү маань одоо хоёр ой хүрч байна.

 

-Жүжигт нөхөртэйгөө Ромео, Жульетта болоод тоглосон бол гэх дэггүй бодол төрдөг үү?

 

-Ромеод Б.Шинэбаяр тоглож байгаа. Манай хүн Тибалдид тоглож байгаа. Хэнийг Ромеод, хэнийг Тибалдид тоглуулах нь найруулагчийн сонголт. Бид “Гэгээн Муза”-д хос дээл өмсч оролцсон юм. Нэгэн сэтгүүл дээр “Монгол Ромео, Жульетта” гээд бичсэн байсныг уншаад бэлгэшээж суусан шүү.  

 

-Жүжигчин болоход танд юу нөлөөлсөн бэ. УДЭТ-тай холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу?

 

-Ээжийгээ дагаад л энд (УДЭТ) ирдэг байлаа. Тэр мундаг жүжигчдийг харж, биширч, гайхаж өссөн болохоор тэдэн шиг болно гээд багаасаа шийдчихсэн байсан. Манай гэрийнхэн дургүйцэж байсан ч өөрийнхөөрөө зүтгэсэн. Тэгээд СУИС-д шалгалт өгтөл тэнцээгүй. Тэглээ гээд би шантраагүй. Энэ улаан байшинд ажиллах зорилго тээн жилийн дараа дахин шалгалт өгч тэнцсэнээр СУИС-д орсон юм. 2013 онд сургуулиа төгсөөд “Эмоц” продакшинд хэдэн сар ажилласан. Игээд УДЭТ-д хоёр жил дагалдан хийж, өнгөрсөн оны цагаан сарын үед жинхэлсэн. Жүжигчний мэргэжлээр суралцаж буй хүн бүр л энд ажиллахыг хүсдэг шүү дээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Amjilt mundag
2017-02-23
ЖБ:
Уйдах,уйдахгvй нь vзэгч таны боловсрол,телевшил,мэдрэмж,сэтгэлгээнээс л хамаарна даа хевгvvн минь. Бvдvvлгээ бvv гайхуул! Ойлгохгvй бол жаал юм уншиж судалж боловсор...
2017-02-23
Хаха:
Наад жүжгийг чинь дэлхий даяараа мэднэ уйддаггүй юмуу эсвэл драмийхан одоо л энэ тухай мэдэж бгаамуу
2017-02-23