100 буудалт даамын “Дэлхийн цом” өнөөдөр нээгдэнэ
2017-03-02

100 буудалт даамын “Дэлхийн цом”-ын шигшээ тэмцээн Башкиртостаны нийслэл Уфа хотын “Президент отель” зочид буудалд өнөөдөр нээлтээ хийнэ. 2015, 2016 оны дэлхий, тивийн (Ази, Америк, Африк, Европ) аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 шилдэг даамчин өрсөлдөх уг тэмцээнд манай улсаас Ази тивийн аварга, их мастер Мөнхбаатарын Нямжаргал, 2016 оны Ази тивийн аварга, их мастер Равжирын Манлай нар оролцож байна.

 

 

Тэмцээнийг зохион байгуулагч Башкиртостан улсын Тамара Тансыккужина, Айгуль Идрисова, Алия Аминова, Александр Георгиев, Муродулло Амриллаев, Айнур Шайбаков нарын зургаан тамирчин дээр алдарт А.Чижов нэмэгдсэнээр ОХУ-аас нийт долоон даамчин “Дэлхийн цом”-ын шигшээ тэмцээнд оролцож байгаа нь хойд хөршийн даамын хөгжлийн төвшинг илтгэж байгаа юм.

 

Тэмцээний тайлбарлагчдаар 100 буудалт даамын дэлхийн аварга асан, 64 буудалт даамын дэлхийн домогт аваргуудын нэг Александр Шварцман, Дарья ткаченко, Андрей Калмаков, их мастер Иван Трофимов нарын зэрэг алдартнууд ажиллах нь энэ тэмцээний нэгэн онцлог болж байна.

Shuud.mn
Сонин хачин