Э.Содномпилжээ: Токиогийн олимпод төрийн дууллаа эгшиглүүлнэ
2017-03-06

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-нд болсон. Уг тэмцээнд манай улсаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож, алтан медаль хүртсэн билээ. Түүнтэй уулзаж, ярилцлаа.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

-Дэлхийн цомын аварга гэх эрхэм цолыг хүртсэн танд баяр хүргэе?

 

-Баярлалаа. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн найм дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд 35 орны 300 гаруй өндөр зэрэглэлтэй тамирчин оролцсон. Миний хувьд жин өгсөж 97 кг-ын жинд өрсөлдөж, 220 кг шахаж түрүүллээ. Бэлтгэл маш сайн байсан. Багш маань бэлтгэлийг 100 хувь хангаж өгөөд явуулсан.

 

-Та дэлхийн цомын тэмцээнд сүүлийн хоёр жил дараалан мөнгөн медаль хүртсэн. Энэ удаад алтан медаль сэтгэлд тань багтаж байв уу?

 

-Алт авахын тулд л явсан даа /инээв.сур/. Багшдаа болон “Сүлд” спорт хороо, Монголын  Пауэрлифтингийн холбоо зэрэг тусалж, дэмждэг бүх хүнд талархлаа. Олон хүний хичээл зүтгэлийн үр шимд алтан медаль хүртлээ гэж бодож байна.

 

-Шинэ жинд өрсөлдөх амаргүй байсан болов уу? Өрсөлдөгчдөө хэрхэн судлав?

 

-Өрсөлдөгч нар дөхөм байсан шүү.  Тэмцээний 97 кг-ын жинд 15 тамирчин өрсөлдсөн.  Миний хувьд энэ жил УАШТ-нд зориуд жин өгсөж 105 кг-ын жинд өрсөлдөж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон учраас шинэ жин гэж бодоод сэтгэл тогтворгүйжих зүйл байсангүй. Сэтгэл зүй маш өндөр орсон.

 

-Жин өгсөх шийдвэрийг хэрхэн гаргав?

 

-Багштайгаа ярьж байгаад л шийдсэн дээ.  Риогийн олимпод 88 кг-ын жинд оролцсон. Саяны тэмцээнд 97 кг-ын жинд өрсөлдлөө. Цаашид багшийн төлөвлөгөөгөөр Токиогийн олимпод 105 кг-ын жинд оролцохоор төлөвлөж байна. Төлөвлөсний дагуу эхний ээлжинд 97 кг-ын жинд дараа нь -107 кг-ын жинд оролцох зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийж байна даа.

 

 

 

-Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагчгүй оролцсон. Өмнө нь багшгүйгээр тэмцээнд оролцож байв уу?

 

-Би өмнө нь 2013 онд Малайзын азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо дасгалжуулагчгүй явсан. Багш маань цаасан дээр зөвлөгөөгөө бичиж өгөөд л явуулж байлаа. Сая Дубайн дэлхийн цомын тэмцээнд мөн л багш маань сургамж, зөвлөгөөгөө бичиж өгөөд явуулсан. Багш маань нэг их битгий шамдаарай гэж захисан. Багшийнхаа зааж, зөвлөсний дагуу хийсэн дээ. Ганцаараа бие халаалтаа хийж байхдаа багш маань байсан бол ингэж л зөвлөх байсандаа гэдгийг бодож, багшийгаа хажуудаа байгаа мэт бодож л тэмцээнд оролцсон.

 

-Багш нь зардалгүйн улмаас тэмцээнд яваагүй гэсэн. Таны хувьд тэмцээний зардлыг хэрхэн зохицуулав?

 

-Монголын  Пауэрлифтингийн холбооноос онгоцны зардал, хоолны зардлыг бүрэн хариуцаж гаргасан. Холбооны удирдлагуудад баярлалаа.

 

-Таны багш “Бид хоёр Токиогийн олимпоос алт авна” хэмээн ам бардам хэлж байна. Харин таны хувьд?

 

-Боломжтой зүйл. Токиогийн олимпод төрийн дууллаа эгшиглүүлнэ ээ.

 

 

-Цаашдын тэмцээн уралдааны төлөвлөгөө юу байна вэ?

 

-Ирэх тавдугаар сард Унгарт том тэмцээн болно. Энэхүү тэмцээний бэлтгэлдээ гуравдахь өдрөөс орно. Дараа нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны есдүгээр сард Мексикт болно. Энэ тэмцээнд оролцоно.

 

-Таны хувьд дэлхийн чансаанд хэддүгээрт бичигдэж байгаа вэ?

 

-2017 оны дэлхийн чансаагаар 97 кг-ын жингээ тэргүүлж байна.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Овоошдээ:
ЭНЭ ЗАЛУУ ШИГ Л БАЙЛДАА
2017-03-06
zochin:
BAYR HURGIE.AMJILT HUSIE.
2017-03-06
Зочин:
АГУУ ЯСНЫ БЯРТАЙ ТАМИРЧИНДАА ЗААЛАНД ЁСТОЙ ХИЙМОРЬ СЭРГЭЭН ШҮҮДЭЭ БАЯР ХҮРГЭЕ
2017-03-06