Баянгол эрүүл мэндийн жишиг дүүрэг болно
2017-03-06

Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбоотойгоор шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоногт нэг удаа хийхээр болсон. Энэ удаагийн “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа оролцож, 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

 

 

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар өнгөрсөн 100 хоногт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сургуульд хамрагдах идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд дүүргийн 77, 95, 242 дугаар цэцэрлэгт өргөтгөл, шинэ барилгын ажлыг эхлүүлэн, дуусгахад анхааран ажилласан байна. Түүнчлэн дүүргийн ахмад настны нөхөн сэргээх болон хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг бүрэн засварлан дуусгаж, харааны бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлжээ. Дүүргийн хүүхэд залуучууд руу чиглэсэн хэд хэдэн томоохон ажлыг амжилттай эхлүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Мөн эмнэлгийн салбарт олон шинэ санаа, санаачлагыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Үүнээс гадна “Архигүй Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж дүүргийн хэмжээнд архинаас хамааралтай иргэдийн тоог бууруулах, архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах тал дээр анхааран ажиллаж байгаагаа дурьдаж байлаа.

 

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Баянгол дүүрэг “Эрүүл дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх хамгийн том зорилго дэвшүүлсэн байгаа. Манай дүүрэг эрүүл мэндийн жишиг дүүрэг болно. Бид ахмад настанд зориулсан нөхөн сэргээх эмнэлэг болон хүүхдийн 100 ортой эмнэлгийн барилгыг амжилттай дуусгаад нээлтээ хийхэд бэлэн болсон. Сүүлийн 25 жил огт хийгдээгүй хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууцны барилгын ажлыг дүүрэгтээ хийж дуусгаад байна. Мөн гэр бүл ёслолын ордонг барьж дуусгаад байна. Бид хөрөнгө оруулалтаас гадна дүүргийнхээ гэр бүлүүд, бага, дунд насны хүүхдүүд рүү чиглэсэн олон арга хэмжээ, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин