Ким Чен Намын цогцсыг гэр бүлд нь хүлээлгэн өгнө
2017-03-14

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн сарын 13-нд Малайзад байхдаа бусдад хорлогдож амиа алдсан юм. Уг хэрэгтэй холбогдуулан орон нутгийн цагдаагийнхан Индонез, Вьетнамын иргэдийг баривчлаад байна.

 

Ким Чен Намыг “VX” гэх химийн бодисоор хордуулан хөнөөсөн болохыг цогцост хийсэн задлан шинжилгээгээр тогтоогоод байгаа. Тэгвэл Малайзын эрх баригчид гурван долоо хоногийн дотор Куала Лампурын цогцос хадгалах төвд байгаа Ким Чен Намын цогцсыг гэр бүлийнхэн нь ирж авахыг сануулсан талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.

 

Энэ талаар Малайзын Эрүүл мэндийн сайд Субраманиама Сатхасивама “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр онцолжээ. Сайд “Ким Чен Намд гэр бүл бий хэмээн албаныхан мэдэгдсэн. Тиймээс тогтсон хугацаанд гэр бүлийнхэн нь ирж цогцсыг авах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

 

Ким Чен Нам хүү, охинтой билээ. Хүүхдүүд ээжийнхээ хамтаар БНХАУ-ын Макао хотноо амьдардаг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин