“Одод усанд шумбадаг юм билээ”
2017-03-15

Би сод  ухаантан ч биш, согтуу хүн ч биш, солиотой хүн ч биш. Зүгээр л их шуналтай хүн. Гэхдээ эдийн бөгөөд мөнгөний шунал биш л дээ. Уйлан байж хүн болоход минь, унага янцгааж шанадас төрсөн нутагаа ширтэхээр, сэтгэлийн чанадыг минь яруу найрагт хорхойссон шунал гижигдээд л тэр. Энэ эгэл хүсэл минь биелэлээ олох мөчид, сэтгэл налайх биз ээ … гэж энгүүн хүүрнэсэн нэгэн сод хүн бол Монгол Улсын төрийн шагналт,Cоёлын авъяат зүтгэлтэн Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан байлаа.

 

 

Б.Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”,1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд 1954 онд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд, суралцахаар явсан байдаг.

 

Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байсан нөх их хөдөлмөрч шавхагдпашгүй авяастай нэгэн байсан.  Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж, Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж байснаараа жирийн нэг найрагч төдий бус яруу найргийн соён гэгээрүүлэх үйлст өөрийгөө зориулсан хүн байсан гэж судлаачид дүгнэдэг юм билээ.

 

Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлгийг цээжээр уншиж чаддаг, эх орон, унаган байгаль уул усаа  хайрлах сэтгэл оюуны таашаалыг авч байсан нэгэн үеийнхэн бий.  

 

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрсөн ... Б.Явуухулан Дорнын их найрагчдын эгнээнд Монголоо тамгалж үлдээсэн хүн. Энэ тухай бахархан дурсах яруу найрагч судлаачдын уулзалт энэ өдөр 19:00 цагт Нацагдоржийн нэрэмжит номын санд зохиогдоно. 

 

Учир нь өнөөдөр буюу 2017.03.15-нд Монгол Улсын төрийн шагналт,Cоёлын авъяат зүтгэлтэн Дорнын их яруу найрагч БЭГЗИЙН ЯВУУХУЛАН-гийн төрсөн өдөр тохиож буй юм байна.

 

Б.Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээсэн найрагч гэдэг. “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг нь монгол хүний  хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны цогц болж чадсан.

 

..... XX зууны монголын сод яруу найрагч Б. Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогсож  монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм ... гэж Википедиа тольд бичжээ.

 

Туулийн урсгал шөнөдөө сайхан- дууг дуулахгүй өнгөрдөг баяр найр гэж ховор. Тэр эгэл хүмүүсийн сэтгэлийг ч, их найргийн тойргийг ч яруусал төгс, уянгалахуйн гайхамшгаар эзэгнэхэн төрсөн Монголын их найрагч байсан.

 

Төрсний эцэст үхнэ гэдэг Амьтны ёс оо! Төрсөн нутгаа орхино гэдэг Амаргүй даваа!... гэсэн гүн  утгыг хэлж үлдээсэн найрагч өдгөө байсан бол 88 настай буурал байх байжээ.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэр бас маш сайн шүүмжлэгч байжээ. Түүний ногоон номон дахь нийтийн дууны шүлэг найргийн талаарх шүүмжийг одоо л өргөн дэлгэр хэлцүүлбэл их үр дүнгээ өгөхөөр үе тохиож байна.
2017-03-15
Лха:
Хайран сайхан найрагчийнхаа төлөө ганц ч гэлээ маань унш даа хүмүүс минь .Монголчууд агуу юм аа.
2017-03-15