Хүүхэд зовж байна
2017-03-15

8 хүүхдийн 1 нь бэлгийн хүчирхийлэлд өртжээ

 

 

 “Хүүхэд таныг бус та хүүхдээ ойлгох ёстой. Хүүхэд том байж үзээгүй. Харин та хүүхэд байж үзсэн...” гэх үг бий. Амьдралын олон асуудлаа хүүхдэдээ тулгаж, бараг л чамгүй бол амьдрал сайхан болно гэх үгийг бяцхан зүрх рүү нь шивчих гээд байдаг тохиолдол цөөнгүй.  Үүний жишээ ч бий. Солонгост ажилладаг нөхөртэйгээ утсаар ярьж муудалцаад, “чи л байхгүй бол” гэх үгийг хэлснээс бол хүүхэд амиа хорлосон тохиолдол гарсан. Хүүхдэд хүрэх эцэг эхийн хайр халаар илрэх ёсгүй.

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт судалгааг хийжээ. Тус судалгааг 7 дүүрэг, 8 аймгийн хэмжээнд 4 сарын хугацаанд хийсэн байна. 12-18 насны 4264 хүүхдийг хамарсан судалгааны дүн хүүхдийнхээ тухай нэгийг бодож, нөгөөг тунгаах шаардлагатайг хэлж байна.

 

Мэддэг ч мэддэггүй Хүүхдийн эрх

 

Судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдийн эрхийн тухай мэдлэг, ойлголттой гэх хариултыг өгчээ. Гэхдээ хүүхдийг уйлуулж байгаа тэр үйлдэл зөрчил мөн эсэхийг мэддэггүй. Өөрөөр хэлбэл ээж, аавууд хүүхдийнхээ эрхийн талаар хангалттай, бодит мэдээлэлгүй байна гэсэн үг.

 

Хүүхдийг хэн хамгаалах ёстой вэ? “Хүүхдийнхээ толгойг бид мэднэ” хэмээн өмчирхөж буй эцэг эх хамгийн эхэнд дурдагдах ёстой. Тиймдээ ч судалгаанд оролцогчдын 71.4 хувь нь хүүхэд эрхээ эдлэхэд эцэг, эх хамгийн чухал үүрэгтэй гэх хариултыг өгч. Тэгвэл дараагийн дугаарт  ТӨРийн үүрэг, хариуцлагын тухай яригдана.  Гэвч төр хүүхдийн төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй гэх дүр зураг судалгаанаас харагдана. Хүүхэд эрхээ эдлэхэд төр, төрийн албан хаагчдын оролцоо 10.5 хувь. Өөрөөр бол судалгаанд оролцогчид  хүүхдийн эрхийг хангахад төрийн байгууллага, төрийн албан хаагчдын үүрэг огтхон ч байдаггүй, төр хүүхдийн төлөө ажилладаггүй гэдгийг томруун хэлээд өгч.  

 

Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай хуультай. Батлагдаад жил гаруй, хэрэгжээд 6 сар болж байгаа Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хүүхдийн төлөө дуугарагчид нэхэж байна. Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газрын зөвлөх, доктор Х.Баавгай “Хүүхдийн эрхийн тухай хуулинд Хүүхдийг эрхийг хангах төрийн байгууллагын чиг үүрэг бүхий хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллууна гэж заасан. Энэ байцаагч хаана байна вэ, хэзээ ажиллаж эхлэх вэ.

 

Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хөндлөнгөөс хянадаг хүүхдийн элчийг хүүхдийн чуулганаас сонгож ажиллуулна гэсэн заалт бий. Гэтэл тэр чуулган нь хаана болж байна, хүүхдийн элчээ сонгов уу, элчийг хэрхэн ажиллах дүрэм журам нь хаана байна?” гэсэн асуултыг ТӨРөөс асууж байна. Наанадаж л энэ ажлуудыг яаравчлахгүй бол хүүхдийн эрхийн асуудал хүнд байдалд хүрснийг Х.Баавгай хэлэв.

 

Айдас, түгшүүр, аюулын харанга

 

Судалгаанд хамрагдсан:

 

10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрээр хүчирхийлэлд

2 хүүхэд тутмын 1 нь бие махбодийн хүчирхийлэлд

3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд

4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд

8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэлд өртжээ.  

 

Хүчирхийлэл гэх гэмт үйлдэл хүүхдийн ертөнцийг аль хэдийнэ нөмөрч, айдас хүйдэст автуулж буйг хүүхдүүд өөрсдөө хэлээд өглөө. “Чих нь сонсохгүй байгаа үгийг маханд нь дуулгана” хэмээн зодож шийтгэдэг байсан хүчирхийллийн хэлбэр хүрээгээ тэлж, бэлгийн шинж чанартай болсон нь яах аргагүй аюулын харанга. Томчуудын ааш авираас болж, хүүхэд уйлж байна. Судалгаанд хамрагдсан хоёр хүүхэд тутмын нэг нь айдастай амьдардаг. Тэдний 38.3 хувь нь сургуулийн орчинд, 45.3 хувь нь гэр бүлийн хүрээнд  айдас түгшүүртэй амьдарч байгаагаа хэлсэн байна. Хайрлуулж, хамгаалах ёстой хүүхэд нас, бяцхан бие, ойлгож ядах оюун ухаан айдас хүйдэсийн дунд зовж байна.

 

 

Хүүхдүүд хүчирхийлэлд өртсөнөө хэнд ч хэлдэггүй, нуудаг нь судлаачдын анхаарлыг татжээ. Энэ нь хүүхдийн эрхийн зөрчил далд хэлбэрт орж, нуун дарагдуулах, орхигдуулах сөрөг үр дагавартай. Судлаачид хүүхэд хамгааллын тогтолцоо ажиллахгүй, төр хүүхдээ хамгаалж чадахгүй байна гэдгийг нэгэн дуугаар хэлж байна.  Хүүхэд зодуулж байна уу, үл ойшоогдож байна уу, хүчирхийлүүлж байна уу, хүчиндүүлж байна уу гэдгийг төр, төрийн байгууллага, төрийн албан хаагч үл тоож байгаа нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил болж буйг хэллээ. Энэ үл тоолт хүүхдийг айдас хүйдэстэй орчинд амьдрах үндэс суурь нь болж байна.

 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
belgiin ? arai dendnee solongosuudaas hamag buzar yum bolgoniig l surah yum
2017-03-16
321321:
hamgiin ih heruul uusgedeg humuus bol emegteichuud, eejuud. huuhdiinh hajuud ecgiig ni doromjlono. tanai manai gej hereldej haviin ah egch aav eej naiz nuhduu amidraldaa orolcuulna. Nuguuduuul ni medeej iu gej ter tenegiinhee umnuu hariuclaga huleehev. huuhdee bolohgvi baina gej heruul uusgeed daraa ni sain hvn boloh gej umuurnu.
2017-03-16
Зочин:
Манай хүүхдүүд хамгийн жаргалтай. Яагаад гэвэл тэд багаасаа ямар ч хариуцлагын мэдрэмжгүй өсдөг. Харин том болоод л зовлон эхэлнэ дээ. Дундаж монгол хүн ингэж л төлөвшдөг.
2017-03-15
зочин:
Хүүхдийн хүчирхийлэл гэр бүл салалт, архи, садар самуун явдал зогсохоос нааш байхгүй болохгүй байхаа Өдөрт дундажаар 10-17 гэр бүл салдаг гэсэн тоо баримт гарсан байсан энэний цаана нэг бүсгүй 1-3 хүүхдээ хөтлөөд үлдэж байгаа шүү манай эрчүүд нэгийг бодох цаг болсон залуусаа аав ээж байж чадахгүй юм бол гэрлэх хүүхэд төрүүлэх хэрэггүй хүнийг зовоох гэж төрүүлээд яах вэ ухаан зарцгаа
2017-03-15