Бохир усыг цэвэршүүлж унданд хэрэглэж болно
2017-03-16

 

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр дэлхий даяар усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн усны өдрийг энэ жил НҮБ-аас “Хаягдал ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Харин манай улс “Хаягдал ус-Нөөц баялаг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

 

Бохир ус бол ашиглагдаагүй нөөц. Бохирдлын түвшин хэт өндөр байсан ч усыг бүрэн цэвэршүүлж ундны усны түвшинд эргүүлэн ашиглаж болохыг дэлхийн хөгжингүй орнуудын туршлагаас харж болно.  Тухайлбал АНЭУ-ын Абу Дабу, Израйль зэрэг хотод цэвэрлэсэн бохир усаа 100 хувь буцаан ашигладаг байна. Мөн Сингапур улсын ард иргэд өмнө нь Малайзаас цэвэр ус авч ашигладаг байсан бол өдгөө борооны ус тосож, уг бохир усаа цэвэрлээд хүн бүр амины хэрэгцээндээ болсон тухай Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн доктор Д.Басандорж хэллээ.  Харин манай улсад хаягдал ус буюу бохир усыг огт дахин ашигладаггүй нь усны нөөц хомсдох эрсдэл болж буйг тэрбээр хэлж байна. Хаягдал усыг дахин боловсруулах боломж, нөхцөл манай улсад бий эсэх талаар доктор Д.Басандоржоос тодрууллаа.

 

-Нийслэлийн хэмжээнд өдөрт хэр зэрэг бохир ус гадагшилдаг тухай судалгаа байдаг уу?

 

-Дэлхийд жилдээ 5,5 тэрбум шоо метр бохир ус хаягддаг бол манай улс жилдээ 500-600 сая шоо метр цэвэр ус ашиглаж, 470 сая шоо метр бохир усыг гаргаж байна. Харин Улаанбаатараас өдөрт 150-180 мянган метр куб бохир ус гардаг судалгаа бий.

 

-Бохир усыг буцаан ашиглах боломж манайд бий юу?

 

-Усны нөөцийг бүрдүүлж буй нэг гол хүчин зүйл нь бохир ус гэж үздэг. Гэтэл манайд бохир усаа огт буцаан ашиглахгүй байгаа нь буруу. Усыг бохирдуулж байгаа элементүүдийг нь ялгаад авчихвал  цэвэр ус болно. Үүнийг  буцаан хэрэглэх бололцоотой. Ашиглахдаа унданд хэрэглэхгүй юм гэхэд зүлэг ногоо услах, машин угаалга, халаалтын систем зэрэгт ашиглавал өдөрт дэмий асгаж байгаа 180 мянган метр куб усныхаа 60 гаруй хувийг буцаан ашиглах бололцоотой. Ингэснээр монгол улс, Улаанбаатар хот усны гачигдалд орохгүй.

 

-Манайд бохир усыг  ундны усанд ашиглах хүртэл цэвэршүүлэх технологи нэвтэрсэн үү ?

 

-Би судлаач хүний хувьд АНУ, ОХУ, Герман зэрэг долоон орны судлаачтай нэг баг болж ажилладаг. Үүний үр дүнд дэлхийн шилдэг технологийг Монголд нутагшүуулж чадсан. Энэ нь Хөвсгөл нуурын ус шиг цэвэр тунгалаг болгон цэвэршүүлэх “Хөвсгөл” нэртэй бохир ус цэвэршүүлэх технологи юм. энэхүү технологийг өнгөрсөн жил Нийслэлийн төсвийн хөрөнгөөр бий болгож, хоёр шатны биологийн цэвэрлэгээгээр бохир усыг цэвэрлэсэн.

 

-Усыг цэвэршүүлэх технологи өндөр үнэтэй гэдэг?

 

-Өмнө нь эрчим хүч өндөр ашигладаг технологи байсан. Одоо бол технологийн хөгжил хүчээ авч, эрчим хүчний зардал багасч, үнэ өртөг харьцангуй багасч байна. Усны үнэ цэнэ манайд бага байна. Үүнд төрийн бодлого хэрэгтэй. Тухайлбал аливаа аж ахуй нэгж байгууллага иргэн бохир усаа цэвэрлээд буцаан ашигладаг бол татвараас чөлөөлдөг байвал зөв. Мөн гадаадын орноос бохир ус цэвэрлэх технологи оруулж ирвэл гааль татварыг нь хөнгөлдөг бодлого баримталбал зүйтэй. Ийм байдлаар төрийн бодлого явах ёсой.

 

-Манай улсын усны бохирдлын хэмжээ аль түвшинд байдаг вэ?

 

-Манай улсын хувьд усны бохирдол агаар, хөрсний бохирдол шиг өндөр байгаа. Бид усны багахан нөөцтэй. 2020 онд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрнэ. Тухайн үед дэлхийн цэвэр усны нөөц дуусна гэсэн эрдэмтэн, судлаачдын гаргасан тооцоо, судалгаа байдаг. Монгол улсад стратегийн 16 орд бий. Үүнд усны орд байхгүй. Газар дор харин усны ордууд бий. Цаашдаа монгол улс газар дор байгаа байгалиас заяасан усаа зөв зохистой хэрэглэх нь зүйтэй юм.  Ер нь бохир усаа усны нөөц гэж харах хэрэгтэй. Заавал уудаг усаараа 00 усаа татаад, машинаа угаагаад яваад байх нь ирээдүйд усны нөөцгүй болох аюул байгаа учраас хаяж буй бохир усаа эргүүлж ашиглах төрийн бодлого чиглэх нь зүйтэй юм.

 

-Хөрсний усыг ашиглах боломж, нөхцөл хэр байдаг юм бол?

 

-Улаанбаатарт  хоногт 36 мянган куб хөрсний усыг ашиглах боломж нөхцөл байна. Энэ нь хоногт ашиглаж байгаа усны 30 хувийг хөрсөн дороос авч ашиглах боломжтой гэсэн үг.  

 

Энэ жилийн усны өдрийн хүрээнд гуравдугаар сарын 20-нд “Улаанбаатар хотын ус хангамжийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэг, гуравдугаар сарын 22-ны өдөр МҮХАҮТ-д “Хаягдал ус-Нөөц  баялаг” сэдэвт форум болон “Ус хөгжлийн түлхүүр” сэдэвт онол практикийн XII бага хурлыг зохион байгуулах аж

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Noiliin usiig bohir usaa tsevershuulj ashiglah heregtei shdee
2017-03-17
Зочин:
mashin ugaalgiin bohir usiig mun adil uu?
2017-03-16
Zochin:
Г.Тэгшсүрэн минь дээ. Наад хүнийг нэрийг Д.Басандорж гэдэг юм шүү дээ.
2017-03-16
Soongo:
Юм хийх гээд байгаа юм уу, зөв эхэл, эхлээд ундны усаараа нойлын усыг хангадаг системээ болиул, дараа нь бохир усыг цэвэршүүлээд унданд биш зүгээр л нойлын усанд хэрэглэ
2017-03-16