Цахилгааны гэмтлийн улмаас автобус шатжээ
2017-03-21

Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт өнөө өглөө /2017.03.21/ 09.36 цагийн орчимд зорчигч тээвэрлэж явсан автобус шатсан. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Н.Нямхорлоо, Нийтийн тээврийн газрын орлогч дарга Н.Булгаа нар мэдээлэл хийлээ.

 

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “НЧБ” ХХК-ийн Баруунсалаа-Халдварт чиглэлд иргэдэд үйлчилдэг 36-71 УБГ улсын дугаартай автобусанд гал гарсан байна. Гал гарах үед автобусанд 6-7 хүн зорчиж явсан бөгөөд угаартсан, хохирсон иргэн байхгүй. Галын дуудлагын дагуу Нийслэлийн онцгой  байдлын гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид очиход зорчигчид тээврийн хэрэгслээс бүрэн гарч, аюулгүй байдалд шилжсэн байжээ.

 

Автобусанд гарсан гал түймэр мотор буюу хөдөлгүүрийн хэсгээс тархаж эхэлсэн бөгөөд жолооч нь мэдсэн даруйдаа галын хор ашиглан унтраах гэсэн боловч гал намдаагүй байна. Гал сөнөөгчид очиход автобусны хөдөлгүүр болон бүхээгийн хэсэгт гал түймэр тархсан байсныг 30 литр хөөс ашиглан, 20 минутын хугацаанд унтраажээ.

 

НОБГ-аас гал гарсан шалтгааныг галын дүгнэлтэд үндэслэн 14 хоногийн хугацаанд тогтоох аж. Урьдчилсан дүгнэлтээр автобусны хөдөлгүүр хэсгийн цахилгааны гэмтлээс үүдэн гал гарсан болохыг тогтоожээ.

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны техникийн бүрэн бүтэн байдлыг өглөө бүр шалгах автомат механик авто баазуудад байдаг. Уг автомат механикаар тоормос, гэрэл, сигнал зэрэг хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг шалгадаг аж. Харин цахилгаан зэрэг далд гэмтлийг шалгах боломжгүй байдаг ажээ.

 

Гал гарсан автобус нь 2007 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн, 2016 оны тавдугаар сард Монгол улсад импортоор орж ирсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Солонгос улсын хогийг авч ирдэгээ больвол яасан юм бэ! Бүхэл бүтэн улс байж, хэрэгцээнээс хасагдсан хог авчирч дүүргээд байх юм да. Одоо японы актлагдсан машин Улаанбаатараар дүүрэн явж бна!
2017-03-21