Шадар сайд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын орлогч даргатай уулзав
2017-03-21

 

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга  У.Хүрэлсүх  ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Павел Михайлович Фрадковтай уулзав. Уулзалтын үеэр хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, өнгөрсөн оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаанаар тохирсон арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах нь чухал болохыг тэмдэглэв.

 

Саяхан Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчилсан, удахгүй Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчлахаар төлөвлөж буй нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад чухал түлхэц болох тул уг айлчлалыг үр бүтээлтэй хэрэгжүүлэх асуудлыг уулзалтын үеэр хөндөн ярилцав.

 

Түүнчлэн уулзалтын үеэр Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар хоёр талын хийж буй ажлыг нааштайгаар үнэлж, цаашид маргаантай асуудлыг үе шаттайгаар Монгол Улсын хууль, тогтоомж болон хоёр талын холбогдох хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэнэ гэж үзэж буйгаа оросын тал илэрхийлэв гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв. 

 

Shuud.mn
Сонин хачин