Хөгжлийн банк ямар төслүүдийг санхүүжүүлэх вэ
2017-03-21

 

Хөгжлийн банкийг тойрсон асуудал нэг хэсэгтээ шуугиан тарьж байлаа. Гэвч үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, хууль эрх зүйн  орчныг өөрчилж, хяналтын механизмыг бүрдүүлжээ.

 

Монгол Улсын Хөгжлийн банкны үндсэн зорилго нь эдийн засгийн хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг дунд, урт хугацааны санхүүжилтээр хангах зорилготой санхүүгийн байгууллага.  Өмнө нь Хөгжлийн банкны хийх ажлыг УИХ баталдагаас эхэлнэ. Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүр хаврын чуулганаар батална гэсэн зохицуулалттай. Үүний дагуу 2011 онд УИХ-ын 15 дугаар тогтоол батлагдаж, дөрвөн томоохон төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлээр дамжуулан санхүүжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгож байв.

 

Уг тогтоолын дагуу   "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр тусгаж аймгуудыг нийслэлтэй хар замаар холбох, инженерийн суурь дэд бүтцийг шинэчлэх, орон сууцжилт, барилгын материал, уул уурхай болон аж үйлдвэржилтийг дэмжихээр шийдэгдэж байв.

 

"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрөөс гадна "Шинэ Төмөр Зам", "Сайншанд аж үйлдлвэрийн цогцолбор", дараа төлөгдөх нөхцөлтэй авто зам, дэд бүтцийн төслүүд УИХ-ын 15 дугаар тогтоолоор батлагдсан. УИХ-ын баталсан эдгээр дөрвөн төсөл, хөтөлбөрт зарцуулагдах нийт хөрөнгө оруулалтын дүн 50 орчим их наяд төгрөг. Харин Хөгжлийн банк  5 орчим их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлснээс   3,2 их наяд төгрөгийг төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулжээ. Гэтэл өнөөдөр "Шинэ Төмөр Зам", "Сайншанд аж үйлдлвэрийн цогцолбор" нь овоолсон шороо, дэр модноос өөр гялтайх зүйлгүй. Хугацаа алдвал хийсэн жаахан ажил нь хэнд ч хэрэггүй, дахиж ашиглах боломжгүй болох нь ээ.

 

Энэ байдал нь эргээд Хөгжлийн банкны хөлийг тушиж,  зээл төлөлт нь хийгдэхгүй хүнд байдалд оруулсан хэрэг.  Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон. Үүнээс болоод  Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн гэдэг.

 

Хөгжлийн банкийг  аварч, цаашид хэвийн түвшинд ажиллуулахын тулд Засгийн газарт энэ зээлийг шилжүүлж өгөх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, дүрмийн санг нэмэгдүүлэхээс  аргагүй байдалд хүрсэн хэрэг.  “Банк байгуулагдсанаас хойших хугацаанд олгосон нийт зээлийн 7.8 хувь нь эргэн төлөгдсөн бол 92.2 хувь нь төлөгдөөгүй байгаа. Үүнийн 54.5 хувь  нь улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүд.  

 

Үүнээс гадна тусгай 16 том төслийн асуудал бий. Үүний дийлэнх нь Засгийн газрын баталгаагаар зээл олгогдсон төрийн өмчит компаниудынх.

 

Тийм болохоор  зээлийг ангилж,  Засгийн газар шилжүүлэхийг шилжүүлж,  заримнайдваргүй зээлийн асуудлыг нь  хууль хяналтын байгууллага руу шилжүүлсэн аж.

 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТБАЯР “Хөтөлбөр, төсөл арга хэмжээ 3 янз байсан. Төслийн орлогоос төлөх 16 том төсөл бий. Эдгээр төсөл хэрэгжүүлэгчид хүүгийн төлбөрийг л төлж байгаа. Дээр нь 1800 орчим төсөл арга хэмжээг арилжааны 11 банкаар дамжуулан санхүүжүүлсэн. Одоо мөн л зөвхөн хүү нь төлөгдөж байна. Үндсэн төлбөр рүү ороогүй гэсэн үг. Заримынх нь үндсэн төлбөрөө төлөх хугацаа болоогүй байгаа.

 

 Үлдсэн хэсэг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3-4 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээ байсан. Эдгээр төслийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг өнгөрсөн 4 жилийн хугацаанд 1-4 удаа сунгасан. Эргэн төлбөр бас л хийгдээгүй байсан юм” гэжээ.

 

Энэ банктай холбоотой үүсээд байсан асуудлыг хэрхэн шийдсэн, хууль эрх зүйн орчныг яаж өөрчилсөн, цаашид ямар төслийг санхүүжүүлэх зэрэг асуудлыг онцолж байна.

 

УИХ Монгол Улсын  Хөгжлийн банкны хуулийг өнгөрсөн сард  шинэчлэн баталсан юм.  Монгол Улсын Хөгжлийн банкны  үүрэг ямар байх, энэ үүрэг нь өөрөө улс төр болон улс төрчөөс хараат байж чадах эсэх, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хэн хяналт тавих, хариуцлагын тогтолцоо бий эсэх дээр төвлөрч, шинэчлэл хийжээ.Аль болохоор улстөрчидөөс хараат  бус байж, хөгжлийн томоохон, үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг банк болгоход чиглэсэн байна.

 

Ямар чиглэлээр санхүүжилт олгох уу

Зээл

Хөрөнгө оруулалт

Даатгал, баталгаа

Лизинг

 

Зөвлөх үйлчилгээ гэсэн чиглэлд  санхүүжилт олгоно. Ер нь санхүүжүүлэх төслүүдийн 60-аас доошгүй хувь нь экспортод чиглэсэн төслүүд байхаар хуулиндтусгажээ. Экспортод чиглэсэн төслүүд нь өөрөө санхүүгийн хувьд үр ашигтай, барьцаа, баталгаа, даатгалаар хангагдсан бол хамтраад хэрэгжүүлэх боломж хуулиар нээлттэй юм байна. Гэхдээ дангаараа Хөгжлийн банк 100 хувь санхүүжүүлэхгүй.  Төслүүдийг дандаа хамтын санхүүжүүлтээр хэрэгжүүлнэ гэж хуульд  заасан байна. Гадаадын болон дотоодын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчтай хамтарч санхүүжүүлэх аж.  

 

Тодотгож хэлбэл, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030,  Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэх зэрэг урт хугацааны бодлогод нийцсэн, дунд хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөрбөрт тусгагдсан арга хэмжээнүүдээс эргэн төлөгдөх бололцоотой, нийгэм,эдийн засаг, санхүүгийн үр ашиг нь тэнцүү төслүүдийг Хөгжлийн банкны ТУЗ эргэн төлөгдөх бололцоотой гэж үзвэл барьцаа, баталгаа, даатгалаар хангуулсны үндсэн дээр сонгон хэрэгжүүлнэ гэсэн үг.

 

Хэрхэн сонгох вэ

 

Өмнөх хуулинд Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг УИХ-ын хаврын чуулганаар баталдаг байсан.  Одоо шинэ хуулиар Хөгжлийн банкнаас  санхүүжүүлэх хөтөлбөр төслийг УИХ болон Засгийн газраас тусгайлан баталж өгөхгүй. Үр ашигтай төсөлд санхүүжилт хийх бололцоог сайтар хангахын тулд хариуцлагын механизм тусгажээ.  Хөгжлийн банкны ТУЗ нь  9 гишүүнтэй. Олонхийн саналаар тухайн төслийг санхүүжүүлэх эсэхийг шийднэ. Хэрвээ  алдаатай, үр ашиггүй төсөлд санхүүжилт олгох шийдвэр гаргасан бол ТУЗ-ийн гишүүд  өөрсдөө хариуцлага үүрнэ. Тухайн асуудлыг хэлэлцэхэд  дэмжсэн шийдвэр гаргасан ТУЗ-ийн гишүүн энэ хариуцлагыг үүрнэ. Хэрвээ дэмжихгүй санал өгсөн ТУЗ-ийн гишүүнд хамаарахгүй. Тийм болохоор Засгийн газар, УИХ-ын гишүүдээс даалгавар авч зээл олговол өөрөө хар толгойгоороо, өөрийнхөө хөрөнгөөр алдагдлыг эргүүлэн төлөх том “ялд” унах учир  тооцоо, судалгаа, эрсдэлийн үнэлгээг сайтар нягтлах шаардлагатай болно гэсэн үг.

 

Жижиг, дунд үйлдвэрүүдэд санхүүжилт олгох уу

 

 Жижиг, дунд үйлдвэрүүдийг тодорхой хэмжээгээр санхүүжүүлах  боломжтой. Гэхдээ  тодорхой хөтөлбөр гаргаад түүнд  зориулсан эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцлөөр олж ирж чадах юм бол тухайн эх үүсвэрээ арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх бололцоотой аж. Эсвэл үндсэн хөрөнгө, томоохон худалдан авалттай холбоотой урт хугацаанд төлөгдөх хөрөнгө оруулалтын зардлыг Хөгжлийн банк гаргаад, богино хугацааны эргэлтийн зардлыг арилжааны банкууд санхүүжүүлэхгарц ч нээлттэй юм байна. 


Одоогоор 50 төслийг судалж байна

 

Хөгжлийн банк  яамдуудын судласан, эргэн төлөгдөх бололцоотой, найдвартай төслүүдийг шүүсэн гэнэ. Тус банкны хувьд хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч гэсэн дөрвөн салбарын 50- аад төслийг нарийвчилан нягталж, судалж  байгаа аж. Эргэн төлөгдөх барьцаа баталгаатай, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай төслүүдийг салгаж үнэлгээ хийж, дараагийн шатны хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхэд  бэлтгэж байгаа юм байна.  

 

Шинэчилсэн  хуулиар Монголбанк Хөгжлийн банкинд хяналт тавина

 

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд гадны, хөндлөнгийн хяналт шалгалтын тогтолцоо орхигдсон байсан. Тиймээс банкны өөрийнх нь дотоод аудит, хяналт шалтгалтын тогтолцоог бий болгожээ. Мөн Хөгжлийн банкинд байнгын хяналт байхгүй байсан. Тэгвэл одоо Сангийн яам, Засгийн газраас санал болгосон шалгуур үзүүлэлтүүдийн дагуу Монголбанк шалгана. Дээр нь Засгийн газрын өнгөрсөн онд хийсэнтэй адил гүйцэтгэлийн аудитыг хоёр жил тутамд Засгийн газар өөрөө хийнэ. Тэгэхээр Хөгжлийн банк анх үүсэн байгуулагдсан 2011 оноос хойш 5 жилийн хугацаанд Засгийн газрын хийгээгүй байсан хяналт, аудит  хоёр жил тутамд хийгддэг болно гэсэн үг

 

Х.Тэргэл 

Shuud.mn
Сонин хачин