Нийслэлийн бүтээн байгуулалт Яармагийн гүүрийн ажлаар эхэллээ
2017-04-03

 

Нийслэлийн 2017 оны бүтээн байгуулалтын ажил 1959 онд баригдаж ашиглалтад орсон Яармагийн гүүрийг засварлаж, шинэ гүүр барих ажлаар эхэлж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

 

Монгол Улсын Засгийн газар,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дөрвөн жил хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөрт  туссан  томоохон зорилтын нэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх юм. Уг зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпораци ажиллаж байна. Хяналтын зөвлөх үйлчилгээг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эс Ар Пи Консалтинг Монголиа” ХХК  үзүүлж байна.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулах тулгамдсан асуудлын нэг нь  гүүрний шинэчлэл, өргөтгөл, засварын ажил юм.   Хотын гүүрнүүдийн ихэнх хувь нь 1960-1986 оны үед баригдаж , хагас зуун жил ашиглагдсан  байгаа нь их засварт оруулах, шинэчлэлтийн ажил хийх зайлшгүй шаардлага тулгараад байгааг харуулдаг. Энэ  чухал бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын “Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт”-ээр хийхээр тохиролцоод байна. Уг  хөнгөлөлттэй зээлээр  Яармагийн  шинэ гүүр барьж, хуучин гүүрийн засварлах ажил, Замын цагдаагийн газрын уулзварт   гүүрэн гарц барих  бүтээн байгуулалт,    Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөрбетон гүүрүүд шинээр барих ажил, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто    замыг өргөтгөж шинэчлэх 4 том төслийн барилгын ажлыг тус тус эхлүүлнэ. 4 том төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын дүн 132.3 сая ам доллар болж байгаа юм.” гэлээ.

 

Тэрбээр мөн “Хэдий эдийн засаг хүнд, хөрөнгө оруулалт чамлахааар байгаа ч гэлээ “Чамлахаар чанга атга” гэсэн өвгөдийн сайхан сургаалийн дагуу өөрт байгаа бүхий л нөөц бололцоог бүрэн дайчлан  ажиллаж, нийслэл хот хаврын бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлж, богино хугацаанд иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө  бид ажиллаж байна. Нийслэл хотын  замын байгууламжийн гол судас болсон  гүүрнүүдийн барилгын шинэчлэл, өргөтгөлийн ажилд  бид  ирэх дөрвөн жилд ахиц авчирна.” хэмээв.

 

Энэ онд нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр:

- Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, 57 у/м гүүр,

- Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1,3 км авто зам,

- Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1,0 км авто зам,

- Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,4 км,

- Хан-Уул дүүргийн Аялал жуулчлалын 2,05 км,

- Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4 км авто замыг шинээр болон өргөтгөн шинэчлэх нийт 44,9 тэрбум төгрөгийн 39 төсөл, арга хэмжээ авч хэрэгжүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
 
 
 
 
Shuud.mn
Сонин хачин
hahaha:
haich . uya 2 barisan . deeremchdiin tsuvaa ehellee dee
2017-04-03
Зочин:
Ardchilsan namyg bas muu heleltgui..hotod uneheer buteen baiguulaltyg shine tuvshind gargaj tavisan..MAN ter ajilyg tsaash ni sain urgeljluuleed avaad yavah uldsen
2017-04-03