Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ийн төлөөлөгчтэй уулзлаа
2017-04-05

 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх манай улсад ажлын айлчлал хийж буй НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч доктор ноён Роберт Глассерыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх“НҮБ-ийн гамшгийн эрсдэлийг бууруулах ОУ-ын стратегийн Азийн түншлэлийн хуралдаанд оролцох, манай улсад ажлын айлчлал хийх миний урилгыг хүлээн авч морилон ирсэнд талархал илэрхийлье”  хэмээн онцлов.

 

Шадар сайдын зүгээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНЭУ-ын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хуралд оролцох үеэрээ ноён Роберт Глассертай уулзаж, эх орондоо айлчлахыг уриад байсан юм. Тэрээр ирэх 2018 онд  Улаанбаатар хотод  Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зохион байгуулахад бэлэн буйгаа энэ үеэр илэрхийлж, хамтран ажиллах хүсэлт тавиад байсан билээ.

 

Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ыг төлөөлөн Тусгай төлөөлөгч Роберт Глассер нар 2018 онд Улаанбаатар хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал хамтран зохион байгуулах тухай “Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж, цаашид хамтран ажиллахаар тогтлоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин