ШЕЗ: Зарим улстөрч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байна
2017-04-06

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс С.Зориг агсны хэргийн шүүх хурлаас үүдэж, мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлийг хүргэж байна. 

 

        Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн байгууллага юм.

 

        Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. 2016 оны 12 дугаар сарын 21-27-ны өдөр анхан шатны, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу хаалттай хийж, шүүхийн шийдвэрүүд гарлаа.

 

        Энэ хэргийн шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах хугацаа дуусаагүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсгийн дагуу шүүхийн шийдвэр эцсийн болоогүй байна.

 

         Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг.

 

       Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах тул эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаатай холбоотой эрх зүйн хийдэл, нийцэлгүй зохицуулалт байгаа, түүний улмаас хүний эрхийн хамгаалалт, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарч байгаа бол уг асуудлыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар шийдэх ёстой.

 

         Гэтэл зарим улстөрч, албан тушаалтан, иргэн уг хэргийн тухай хувийн тайлбар, дүгнэлтээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй хууль зөрчсөн үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Nyamdorj l shoudaad bga bz de
2017-04-06