Иргэдийн нуруун дээр жин нэмэх татвар
2017-04-06

 

Хэлэх нэг өөр хийх бас өөр гэдэг. УИХ-ын хаврын чуулган 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Төсвийн тодотголоор  6 төрлийн татвар нэмэхээр болсон нь “бүсээ чанга”-аад зүтгэж байгаа иргэд бидний нуруун дээрх ачааны жинг улам бүр  нэмж байгаа хэрэг. Тиймээс ч эдийн засгийн хямрал дээр сэтгэлзүйн бухимдалтайгаар  олон нийт хаврын чуулганыг угтлаа.   Хүн амын орлогын албан татвар нэмэгдсэнээр авдаг цалин танагдах бол шатахууны онцгой албан татвар нэмэгдсэнээр бензин импортлогч орны хувьд  өргөн хэрэглээний бараанаас эхлээд бүхий л таваарын үнэ ханш нэмэгддэг бичигдээгүй хуультай.  Энэ бичигдээгүй хуулийг иргэн бүр яс махандаа шингэтэл ойлгож ирсэн.

 

Хууль батлагдаагүй байхад өргөн хэрэглээний зарим нэр төрлийн барааны ханш  нэмэгдсэн сураг дуудана. Яагаад үнээ нэмснийг асуухаар татвар  нэмэгдэнэ гэсэн тайлбараар ам  таглачихдаг.  Зах зээлийн нийгмээрээ үнийг хэрэглэгч биш борлуулагч тогтоодгоос хойш яалтай.

 

Гэхдээ УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр спикерийн хэлсэн үгнээс “Засгийн газар, Монголбанкнаас Олон Улсын Валютын Сантай чамгүй урт хугацаанд, амаргүй яриа хэлэлцээр хийсний үр дүнд хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” санхүүгийн салбарын засаглал, хяналт шалгалтыг сайжруулах шинэчлэлийг хийхэд бидэнд тусална. Мөн урьд нь гарсан алдаа дутагдал юунд байсныг ч тодруулж өгнө. Хөтөлбөр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орны санхүү, эдийн засгийн байдал тогтворжих, банк, санхүүгийн систем эрүүлжин, бизнесийн орчин сайжрах, хөрөнгө оруулагчдыг татах, иргэдийн амьдрал дээшлүүлэхэд нааштай үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

 

ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Юуны түрүүнд Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай. Тодотголоор төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа бодлогыг шинэ түвшинд үргэлжлүүлэх болно. Төсвийн тодотголтой хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг уртасгах зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Ингэхдээ олонх цөөнх гэж хуваагдалгүй, оноо очков авах гэлгүйгээр, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх чиглэлийг баримтлах нь зүйтэй.” гэсэн нь анхаарал татлаа.

 

Ер нь иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх гарц бол татвар нэмэгдүүлэхгүй байх асуудал. Гэвч энэ оны төсвийн тодолтголоор ОУВС-гийн нөхцөлийн дагуу татварыг зайлшгүй нэмэгдүүлэх шийдэлд  хүрчихсэн.

 

Татвар нэмэгдүүлсний дараагаар иргэдийн нуруун дээр ирэх ачааллаас хэрхэн сөрөг нөлөө багатай зохицуулалт хийх вэ гэдэг олны анхаарлын төвд байна. Манайд улсад нэгэнтээ үнэ нь нэмэгдсэн бараа буцаанд “буудаггүй” гэмтэй.  100 төгрөгөөр нэмсэн барааныхаа үнээс 20 төгрөг хасчихаад  “манайх үнээ буулгасан” гэж хэрэглэгчдээ шоглох нь энүүхэнд. Харин  энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр валютын ханшийн  зөрүүгээр зохицуулна гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлж байсан. Харин импортлогчид Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлд захирагдаад байдаггүй зах зээлийн ханшийг хэрхэн тогтоохоо өөрсдөө шийддэг.

 

Тиймээс  2017 оны төсвийн тодотгол батлагдсаны дараагаар Засгийн газар татвар нэмэгдүүлэх чиглэлд импортлогчидтой хэрхэн яриа хэлэлцээ хийх эсэхээс иргэдэд ирэх ачаалал хамаарна. Ирэх өдрүүдэд иргэдэд сөрөг нөлөөллийг хэрхэн багасгахыг гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа шийдэх юм.  Түүнээс бус  “он дуустал дахиад бүсээ чангалчих” гэдэг үгийг сонсмооргүй байна.  Сангийн сайдаар хэлүүлсэн хэлүүлээгүй иргэд олон нийт аль эртнээс бүсээ эрчилтэл чангалчихсан. Харин одоо эдийн засаг сайжруулахыг шинэ төр, засгаас хүлээж, 2016 оныхоо сонголтын үр дүнгээ үзэхээр харсаар байна. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Заавал татвар нэмэх гээд улайраад бгаа нь их муухай,ард түмэнээ хулихдаж доромжлож бгаа шинж. Арай л бна шүү.!!
2017-04-06