Б.Дэлгэрсайхан: XXI зуунд хоёр сумынхан лаатайгаа амьдарч байгаа нь гашуун боловч үнэн
2017-04-10

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Чуулганы завсарлагаар гишүүд тойрогтоо ажилласан. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Чуулганы завсар­лагаар гишүүд тойрогтоо ажил­ласан. Дорноговь аймгийн Мандах, Хатан­булаг сум яагаад өнөөдрийг хүртэл цахилгаангүй байна вэ. Та газар дээр нь очиж танилцсан байх?
 
-Сумын хөгжлийн гол тулгуур нь дэд бүтэц байдаг. Дорноговь аймаг дэд бүтцийн хувьд Монгол Улсын хамгийн урт авто зам, төмөр зам, эрчим хүчний шугам сүлжээтэй боловч энэ хоёр сумынхан нь XXI зуун гарчихаад байхад лаатайгаа амьдарч байгаа нь гашуун боловч үнэн бодит байдал. Монгол Улсын хэмжээнд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй гурван сум байгаагийн хоёр нь манай аймагт байна. Өмнө нь найман жил аймагт засгийн эрх барьж байсан нөхөд гэрэл цахилгаантай бол­гоно гэсэн амлалтыг ард ир­гэддээ удаа дараа өгч байсан ч төсөв санхүү­жилтээс шалт­гаа­лаад ажил хэрэг болоогүй гэдэг тайлбар хэлдэг. Өнөөдрийн байдлаар энэ хоёр суманд өдөрт дөрвөн цаг л  цахилгаан өгч байна.
 
-Дөрвөн цаг асч байгаа гэрэл цахилгааныг хаанаас, яаж зохицуулж  хүргэж байгаа юм бэ?
 
-Хоёр цагийг нь Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хариуцаж, үлдсэн хоёр цагийг нь аймгийн зүгээс түлшийг нь хариуцан хэсэгхэн хуга­цаанд аргацааж бай­на. Эм­нэлэг, сургууль, цэцэр­лэг, банк гээд үйл­чил­гээний газрууд бүгд жижиг оврын мотор ашиг­лаж байна. Хатанбулаг суманд Сулин­хээрийн отряд, Ханги хилийн боомт, Мандах суманд Мандах-Цагаан суваргын орд байдаг учраас энэ хоёр сум хүн ам олонтой. Гэсэн ч иргэд, залуучууд тав тухтай  амьдрах бололцоо хязгаарлагдмал байна.
 
Өнөөдөр эдгээр су­манд хүүхэд сурч боловсрох, иргэд жижиг, дунд үйлд­вэр­лэл хөгжүүлж амь­жир­гаагаа дээшлүүлэх бо­ломж үнэхээр тааруу байна.
 
-Харанхуй сумдыг ца­хил­гаанаар хангах ажил ямар шатанд явж байгаа юм бэ. Мандах, Хатанбулаг сумд эрчим хүчний нэгдсэн системд яг хэзээ холбогдох  бол?
 
-2017 оны нэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын 2016 оны “Концессын гэрээ байгуу­лах эрх олгох тухай” 148 дугаар тогтоолыг үндэслэн “барих шилжүүлэх” нөх­цөлтэйгөөр Засгийн газрын тохи­руулагч агент­лаг Үн­дэсний хөгжлийн газартай “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дам­жуулах агаарын шугам, дэд станц барих”  концессын гэрээ байгуулсан. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мандах суманд ажиллах үеэр Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн эрчим хүчээр холбох агаарын шугамын ажил байдал болон шаардлагатай асуудлыг шийдвэрлүүлэх саналыг тавьж, холбогдох газруудад үүрэг өгсөн. Гэвч хөрөнгө, санхүүгийн дутагдлын улмаас өнөөдрийг хүртэл ашиг­лалтад ороогүй байна. Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн 220кВт-ын 160 км цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын явц 70 гаруй хувьтай явагдаж, шугамын тулгуурууд нь босч утас татах ажил хийг­дэж байна. Цагаан суварга дэд станцын угсралтын ажлыг зургадугаар сарын 20-ны дотор хийж дуусгахаар ажил­лаж байгаа юм билээ. Ингэснээр Мандах, Хатанбулаг сумдыг төвлөрсөн эрчим хүчний системээс холбох боломжтой болно гэж Эрчим хүчний яам нь хариулт өгсөн.
 
-Дорноговь аймагт тулгамдаж байгаа өөр ямар асуудал байна вэ? Ямар гарц шийдлээр бодлогын түвшинд ажиллаж байна?
 
-Хатанбулаг, Хөвсгөл суманд шилэн кабельгүйн улмаас интернэтэд холбогдож чадаагүй байна. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлож, газрын хэвлийг сүйтгэх явдал харьцангуй их гарч байна. Хууль бусаар олборлолт хийж байгаа газарт байгаль орчин ихээр сүйдэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж хэрэг­жих тухай ярихад хэцүү нөхцөл байдал үүсч байгаа. Тиймээс ийм газруудыг буух хаягтай, буцах эзэнтэй  болгож, нийгмийн хариуцлагыг нь гэрээлээд нөхөн сэргээлтийн ажлыг сайтар хийлгээд явах бодлогыг баримталж байна. Цаашид орон нутаг дангаараа биш улсын бодлого шийд­вэртэй уялдуулан эзэнжүүлснээр татварыг нь авдаг, тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг, нөхөн сэргээлтээ хийдэг болоход анхаарна гэсэн үг. Үүнийг нэг мөр цэгцлэхэд Ашигт малт­мал газрын тосны хэ­рэг эрхлэх газар нэгдсэн тооллого хийх шаардлага байгаа.
 
-Монгол Улс эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Хөтөлбөрийн талаар ямар байр суурьтай байна вэ?
 
-ОУВС-гийн хөтөлбөр манай улсад шинэлэг зүйл биш. ОУВС Монгол Улсын эдийн засгийн шинэч­лэлийг дэмжиж ирсэн. Манай улс тус сангийн санхүүгийн тус­лалцааны хэд хэдэн  хөтөл­бөрт хамрагдаж бай­сан. Энэ удаад Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийсний үр дүнд “Өргөтгөсөн сан­хүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар тохиролцож, долоон төрлийн  татварыг нэмэх талаар 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл  өргөн барьсныг УИХ-ын хаврын чуул­ганаар хэлэлцэж байна.
 
Яг өнөөгийн нөхцөлд бол, Монголын эдийн за­саг сэхээнд байна. Засгийн газраас эдийн засгийг сэргээх хоёр ч хувилбарыг авч үзсэний эцэст сонгосон нь ОУВС-гийн хөтөлбөр. Энэ хөтөл­бөрт хамрагдсан нь хамгийн зөв шийдэл эсэхийг эцэслэж дүгнэхэд эртдэнэ. Гол нь үр дүн чухал.
 
-Хөтөлбөрийг хэрэг­жүүлэх хүрээнд төсвийн тодотгол хийж татвар нэмэх гэж байгааг сөрөг хүчин хүчтэй шүүмжилж байна шүү дээ?
 
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр төсвийг цэгц­лэх, замбараагүй халамжийг танах, үрэл­гэн байдлаа зогсоох, сон­гуулийн популист ам­ла­л­туудыг хязгаарлах шаард­лага тавьсан нь зарим хүнд таалагдахгүй хоосон улс­төр­жүүлж, Ерөн­хий­лөгчийн сонгуулийн хө­зөр болгон ашиглах гэж оролдож байгаа нь харам­салтай л харагдаж байна. Ард түмнээ, эдийн засгийн эрс­­­дэлд оруулсан бу­руутныг хайхаас илүү­тэй­гээр энэ байдлаас хэрхэн гарах нь чухал цаг үе тул­га­­раад байна. Мэдээж энэ бүхнийг цэгцэлж, сан­хүүгийн сахилга бат хэ­рэгтэй байгааг өмнөх эрх бариг­­чид хийгээд учир мэ­дэх хүмүүс гадарлаж байгаа. Нэгэн цагт улсаа  хямралаас гаргахын тулд алтан ээмгээ хүртэл тайлж өгч чадсан Солонгосын ард түмэн тухайн үедээ ОУВС-гийн хөтөлбөрт хам­рагдсан байдаг. Мэ­дээж тухайн үед ОУВС-гийн болзлыг хүлээн авч, шүүмж­лэлд өртсөн хэдий ч хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд эдийн засаг  нь дэг журамтай болж, шулуухан хэлэхэд банк санхүүгийн байгууллага хийгээд төр нь цэвэршсэн түүхтэй.
 
Д.АРИУН
 
Shuud.mn
Сонин хачин
Ард:
Монгол Улсын Сэлэнгэ аймаг дахь Төмөртэйн уурхайг Хятадуудад 1.0 тэрбум доллараар зарж оффшорт аваачиж хулгайлж хийчихээд юу яриад байгаа оффшорчин вэ! Таны хулгайлсан мөнгөөр Монгол улсын нэг жилийн хэрэглэдэг цахилгааныг 2 дахин үйлдвэрлэх чадалтай цахилгаан станц барина!
2017-04-10
Батхүү:
Наад сумууд чн маш цөөхөн үсрээд 300 гаруй өрх л сумын төвд байгаа биз Обшолртон чи энэ хэн ажоыг хийж буян болох бусуу баахан залуу хүүхэн шууханд зарцуулахл мөнгө чн бишүү ...
2017-04-10
Зочин:
та өөрийнхөө мөнгөний багахан хэсгээр хийчих
2017-04-10
Зочин:
Хэдэн оршин суугчтай сумууд юм бол доо. Төвийн сүлжээнд холбох шаардлага байна уу, Нар салхины юм тавиад өгчихвөл болох юм биш үү.
2017-04-10
САНАЛ:
ХУССАН ЗУВЧУУЛСАН МӨНГӨӨР 2-ХОН СУМ ЭРЭЛТҮҮЛЭЭЧ ЧИ АА ....
2017-04-10
Erhem gishyynd:
Ter 2 sumaa tatan buulga! Yamar heregtei gej tusviin mungiig hynd yed heden ail gereltei bolgohod zoriulah yum...Shugam tatna geden heden arvan terbumiin urtegtei shyy dee!
2017-04-10
Зочин:
лалар чинь офшорын мөнгөөрөө туслаач
2017-04-10