АН төсвийн тодотголоор завсарлага авч магадгүй
2017-04-12

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаан хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар  энэ оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. АН-ын бүлэг төсвийн тодотголын төсөлд дүгнэлт гаргахаа мэдэгдэж байсан.

 

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Харин АН-ын бүлэг уг асуудлар завсарлага авах санал гаргах бололтой. Учир нь АН-ын бүлгийн гишүүд төсвийн тодотголоос  приус машины Онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг хасах санал гаргасан юм. Харин уг саналыг  Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд гишүүдийн олонхийн дэмжлэг аваагүй.

 

Чуулганы хуралдаанаар төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх үед АН-ын бүлэг 2017 оны улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бүхэлд нь дэмжихгүй гэсэн байр сууриа илэрхийлж байсан.  Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх үед бүлгийн гишүүдээс гаргасан саналыг дахин судлах үүднээс завсарлага авах санал гаргахаар шийдсэн бололтой.

Н.Энх


 

Shuud.mn
Сонин хачин