Хятад, Солонгосын хойг руу 150 мянган цэргээ илгээгүй
2017-04-14

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойг руу байлдааны хөлгүүдээ илгээсэн билээ. Уг хөлгүүд Хойд Солонгос улсад ямар нэгэн байдлаар заналхийлсэн тохиолдолд сануулга өгөхгүйгээр шууд гал нээхээ тус улсын удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн юм. Тэгвэл уг үйл холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид Солонгосын хойг руу 150 мянган цэргээ илгээсэн гэх мэдээллийг барууны хэвлэлүүд цацаж эхэллээ.

 

Энэхүү мэдээллийг анхлан Америкийн “Huffington Post” сонин цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлсэн билээ. “Бээжин Солонгосын хойг руу цэргээ илгээсэн нь: Хэрвээ АНУ, Хойд Солонгост цохилт өгвөл олон мянган дүрвэгчид Хятад руу дүрвэнэ. Дээрх армийнхан дүрвэгсдийн урсгалыг зогсоох үүрэгтэй” хэмээн тус хэвлэл мэдээлжээ.

 

Солонгосын хойг руу цэргээ илгээсэн гэх мэдээллийг өчигдөр БНХАУ-ын Батлан хамгаалах яам эрс үгүйсгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав. Тус улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Кан хэлэхдээ "Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид, тогтвортой байлгах зорилтыг энх тайванч замаар хэрэгжүүлэх ёстой гэх байр сууриндаа бат зогсож байна” гэж мэдэгджээ.

 

Трамп Хойд Солонгост шахалт үзүүлэхийг Си Зиньпинээс шаардаж буй юм. Уг асуудлаар хоёр улсын удирдлагууд утсаар ярилцсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин