Улаанбаатар
12 сая төл бойжиж байна
2017-4-19

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Мал аж ахуйн салбарын хаваржилт, мал төллөлтийн явцын талаархи ХХААХҮ-ийн сайдын мэдээлэл сонслоо. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн:

 

-Манай улсын мал сүргийн тоо 2016 оны жилийн эцэст 61 сая толгойд хүрч, өмнөх оныхоосоо 9.9 хувиар өссөн. Нийт хээлтэгчийн тоо 26.1 сая бөгөөд үүнээс 55.8 мянган ботго, 823.4 мянган унага, 1.2 сая тугал, 10 сая хурга, 8.8 сая ишиг буюу нийт 20-оос доошгүй сая төл хүлээн авахаар тооцоолж байна.

Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт хээлтэгчийн 46.7 хувь буюу 12.2 сая хээлтэгч төллөж, 12 сая төл буюу гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна. Үүнээс 30 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг бойжиж байна.

 

Мөн МҮОНРТ-ээр мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг малчдад хүргэх, улсын аварга малчдын хаврын мал маллагааны арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, залуу малчид төлчин хүүхдүүдийг урамшуулах зорилгоор “Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг 3 дугаар сарын 15-наас гурван сарын хугацаатай явуулж байна. Түүнчлэн яамны зүгээс аймгуудтай холбогдох “Шуурхай штаб” ажиллан, хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна хэмээлээ.

 

Сайд мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуултад хариулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин