Улаанбаатар
Оны онцлох тулаан болоход 10 хоног үлдлээ
2017-4-21

Сонирхогчийн боксоор хичээллэж байхдаа хоёул Олимпийн аварга болж байсан хүнд жингийн шилдгүүд энэ сард хоорондоо тулна. Энэ бол Украйны шилдэг тулаанч Владимир Кличко, Их Британийн тулаанч Энтони Жошуа нар юм. Туршлага илүү Украйн эрийн хувьд мэргэжлийн боксын хүнд жинд сүүлийн 10 жилд хамгийн  өндөр амжилттай тоглосон нэгэн. Тэрбээр мэргэжлийн рингэнд өмнө нь 68 тулаан хийснээс 64 ялалт байгуулж, нийт ялалтынхаа 53-ыг нь  хүнд цохилтоор авч чадсан юм. Өнгөрсөн III сард 41 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Кличко тулааны өмнөх бэлтгэлээ Герман улсад хангаж байгаа талаар Associated Press мэдээллээ.

 

 

Харин түүний өрсөлдөгч Энтони Жошуа Английн Шеффилдэд байрлах өөрийн бэлтгэлийн бааздаа гарчээ. 2012 онд нутагтаа болсон Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тэрбээр 2013 оноос мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлж, нийт 18 тулаан хийснээс нэг ч  ялагдал хүлээгээгүй байгаа юм.

 

Энэ тулаанд ялалт байгуулсан тамирчин IBF, WBA гэсэн хамгийн нэр хүндтэй хоёр холбооны аваргын бүсийг зэрэг эзэмших юм. Оны онцлох тулаанаар нэрлэгдэж байгаа 2 тамирчны өрсөлдөөн яг 10 хоногийн дараа буюу Улаанбаатар хотын цагаар энэ сарын 30-ны шөнө Лондон хотын алдарт Уэмбли цэнгэлэх хүрээлэнд болно. 

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин