Хан-Уул дүүрэг сурагчдад мэргэжлээ сонгоход нь тусална
2017-04-21

Дүүргийнхээ Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын ажил, мэргэжлээ зөв сонгоход зөвлөн туслах зорилгоор “Мэргэжил бүхэн сайхан” аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулав. 


Дүүрэг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тусгагдсан ажлууд болон Хан-Уул дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аяныг эхлүүлж байгаа. 


ХУД-ийн хэлтэс, албад, байгууллага, аж ахуйн нэгж, шилдэг сурагчдын төлөөлөл нэгдэн "Зөв хүүхэд-Зөв ирээдүй"  аяны нээлтийн жагсаалд нэгдэж, өөр өөрсдийн мэргэжлийн онцлогийг сурталчлан, хүндэтгэл үзүүллээ. Жагсаалд дүүргийн 40 гаруй байгууллага, 33 сургууль, 28 цэцэрлэг, 3030 гаруй ахлах ангийн сурагчид, 520 гаруй иргэд оролцож, өргөн хүрээнд болов.  
Хүүхдийг өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, шийдвэр гаргах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёлоо эрхэмлэдэг, ёс суртахууны төлөвшилтэй хувь хүн болж хөгжихөд эцэг эх, багш, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа чухал. 


Тийм ч учраас Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтсээс “Эко дүүрэг”, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийнхөө хүрээнд “Мэргэжил бүхэн сайхан” нэртэй сарын аяныг эхлүүлж байгаа юм.


Аян дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны өдрүүдэд үргэлжилнэ. 



 

“Мэргэжил бүхэн сайхан” аяны нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг,  Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Базарзаяа, ИТХ-ын Тэргүүлэгч М.Батсайхан, ИТХ-ын төлөөлөгч О.Анхбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Тохижилт, нийтийн аж ахуйн дарга Ц.Бат-Эрдэнэ, Цэргийн штабын дарга А.Баттулга, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга С.Хүрэлбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Н.Батбаяр ЕБС-ийн захирал багш, сурагч, цэцэрлэгийн эрхлэгч, Их, дээд сургуулийн удирдлага багш оюутнууд, эцэг, эхийн төлөөллүүд оролцсон.  


Өнөөдөр аянд оролцсон дүүргийн хэлтэс, албад, их, дээд сургуулиуд сурагчдад зориулсан үзэсгэлэн гаргаж, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцууллаа. 


Аяны хүрээнд нэг сарын хугацаанд ажил, мэргэжлээ зөв сонгоход туслах зорилготой үе шаттай сургалт, уралдаан, тэмцээн, хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг сурагчдад зориулж зохион байгулна. Мөн энэ хугацаанд Дүүргийн засаг даргын тамгын газрын хэлтэс, албадын удирдлагууд, Иргэдийн Хурлын төлөөлөгч, Хөдөлмөрийн баатар, салбар салбарын гавьяатууд  сурагчдад зориулан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах зэргээр төлөвлөөд байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Shuud.mn
Сонин хачин