Хамгаалалтын хоёрдугаар газрын баг тэргүүн байр эзлэв
2017-04-24

 

Улаанбаатар цагдаагийн хүрээний аварга салаа шалгаруулах “Марш тактик-2017” цогцолбор тэмцээн /2017.04.22/ Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн “Нарстай ам” дахь хээрийн сургалтын хэсэгт амжилттай боллоо.

 

Тэмцээний тэргүүн байрт ОНАБХГ-ын Хамгаалалтын хоёрдугаар газрын баг, дэд байрт Нийтийн хэв журам хамгаалах газрын баг шалгарч, ЦЕГ-ын Авто баазын баг гутгаар байр эзлэв. Баг тамирчдын шагналыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар нар гардуулан өгч, баяр хүргэн, амжилт хүслээ.  

 

“Марш тактик-2017” тэмцээн ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн алба хаагчийн албаны бэлэн байдал, авхаалж самбаа, хурд хүч, эр зориг,  хэцүү бэрхийг осол гэмтэлгүй хурдан, шуурхай даван туулах арга ухаан, баг хамт олны эв нэгдлийг шалгуур байлаа. Алба хаагчид гараанаас бариа хүртэлх 8.5 км замд иж бүрэн агсамж, буу, хорт утаанаас хамгаалах баг зэрэг 10.5 кг ачаа үүрч, долоон цэгийг дамжин 27 төрлийн даалгавар гүйцэтгэсэн.

 

19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй марш тактикийн тэмцээнд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хэрэг бүртгэх алба, Нийтийн хэв журам хамгаалах газар,  ОНАБХГ-ын Хамгаалалтын хоёр, гуравдугаар газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар салаа, ЦЕГ-ын Авто бааз, Төмөр зам дахь Цагдаагийн газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн хамтарсан баг буюу нийт 11 газар, хэлтсийн алба хаагчид өрсөлдсөн юм.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин