Хараагүйчүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
2017-04-24

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос өнөөдөр Төрийн ордны гадаа жагсаал зохион байгууллаа. Тэд төрийн өндөрлөгүүд болон БСШУС-ын сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч үл тоомсорлож буй учраас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болсноо мэдэгдэв.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Хараагүйчүүдийн үндэсний холбооноос хараагүй хүүхдүүдийн боловсрол эзэмшиж буй орчин нөхцөлийг сайжруулах, 116 дугаар сургуулийг БСШУСЯ-ны харьяа болгох, сургуулийн удирдлагыг солих шаардлагыг тавиад буй. Харин энэ шаардлагад нь БСШУСЯ товлосон хугацаанд нь хариу өгөөгүй аж. Тиймээс БСШУС-ын сайд Я.Батсуурийг хараагүй хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд хайхрамгүй хандаж байна хэмээн үзжээ.

 

Шаардлагыг нь үл тоомсорлосон учраас тэмцлийн дараагийн шатанд шилжиж, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөл ирэх тавдугаар сарын нэгэнд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

 

Хараагүйчүүдийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Д.Гэрэл “Бид асуудлыг тайван замаар, хуулийн хүрээнд шийдэх гэж хичээсэн. Гэвч албан тушаалтнууд хариу өгөхгүй байгаа учраас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэсэн тайлбарыг өглөө.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин