Хувийн хэвшлийн хохирлыг хэрхэн барагдуулах бол
2017-04-27

 

“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төр мэдэлдээ авах шийдвэр гарснаас хойш тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөн томилох,  төрийн мэдэлд бүрэн шилжүүлэх зэрэг бичиг цаасны ажил эмхлэгдэж байх шиг байна. Эдүгээ “Эрдэнэт” ХХК-ийн 100 хувь төрийн нэр дээр данслагдаж, ТУЗ нь ч төрийн  төлөөлөөөс 100 хувь томилогдон бүрдүүлээд байгаа.

 

Харин “Эрдэнэт”-ийн 49 хувийг зүтгэж аваад хагас жил ч хүрэхгүй хугацаанд төрд “булаалгасан” хувийн хэвшлийнхэн үйл явц дараа дараагийн шатандаа үргэлжилж байна. Төрийн шийдвэр нэгэнтээ гарсан бол ажлын бус цаг байхаас үл хамаарч шөнө дөлөөр ч томилгоо явагдаж, ажлаа хүлээлцдэг  хуулийн гадуурх  дэгтэй.  Төр нэгэнтээ 49 хувийн хувьцааг мэдэлдээ авсан болохоор  “Монголын зэс” корпориацийнхан  хуулийн хүрээнд шүүхэд ханджээ. Манай шүүхийн процесс олон шат дамжлагатайн дээр цаг хугацаагаар хэмжигдсэн болохоор энэ явц удаан үргэлжлэх биз.

 

“Ростех”-ээс 500 сая ам.доллараар “Эрдэнэт”-ийн  49 хувийн хувьцааг худалдан авахдаа  төрөөс  сохор зоос ч аваагүй гэдгээ хувийн хэвшлийнхэн удаа дараа мэдэгдэж байсан. Эдүгээ шүүхийн нэхэмжлэлд 49 хувийн хувьцааг худалдан авсан үнийн дүнгээс гадна өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрт үйл ажиллагаа явуулсан төсөл төлөвлөгөө, урсгал зардлын тооцоолол гээд өндөр хэмжээний мөнгө тусгагдсан байгаа байх. 

 

Ер нь  “Эрдэнэт” үйлдвэрт тендэр сонгон шалгаруулалт нээлттэй зарлагддаггүй.  Тиймээс ч элдэв шахаа ихээр явагддаг гэсэн шүүмжлэлд  үе үеийн удирдлагууд нь өртсөөр ирсэн. Басхүү шахаа явагдаж, зах зээлийн үнээс хэд дахин өндөр өртгөөр бараа таваараа татдаг, тухайн үйлдвэрт хэрэгцээгүй зүйлд худалдан авалт хийсэн нь үзэсгэлэн болон дэлгэгдэж байлаа.  Тиймээс ч “49 хувийг эзэмшигчдийн зүгээс наанадаж л “Эрдэнэт” үйлдвэрийн тендэрийг нээлттэй сонгон шалгаруулж явуулдаг байхаар төслөө боловсруулаад явж байсан гэдэг юм билээ.  

 

Ямар нэг бичиг баримт шилжүүлэхэд  тухайн этгээдийг биечлэн байлцуулдаг.  Үүнийг  төрийн гэлтгүй үйлчилгээний газрынхан ч  ягштал мөрддөг. Атал төрийн шийдвэр гарснаас хойш 49 хувийн төлөөлөлтэй холбогдох хүмүүс, тэр дундаа шийдвэр гүйцэтгэгч Төрийн өмчийн бодлого зохицуулах газрынхан  уулзах гэж дуудаагүй,   хувьцаа шилжүүлэх, ТУЗ-ийг өөрчлөх асуудалд ч  байлцуулаагүй гэдгийг хувийн хэвшлийнхний зүгээс хэлж байгаа.  Магадгүй, 49 хувийн төлөөллийг дуудаж, тамга тэмдэг солилцох, бичиг баримт шилжүүлэх үеэр байлцуулах гэсэн боловч ирээгүй гэдэг тайлбарыг төрийн албаны төлөөлөгчид хэлж болох.    Үүнийг төр, хувийн хэвшлийн хоорондын үл ойлголцол гэхээсээ шалтаг тоочсон асуудал гэж тойруулаад орхиё гэж бодъё.

 

Сүүлийн үед 100 хувь төрийн мэдэлд очсон “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагаа хэр явагдаж байгаа талаарх мэдээллээс илүүтэй шинэ захирал Х.Бадамсүрэнгийн цалин,  180 саяын  тавилгаас эхлээд 300 саяын жип машин худалдан авч тансаглаж байгаа нь олны хараанаас холуур өнгөрсөнгүй. Тэр байтугай нэгэнтээ төрд шилжсэн Эрдэнэт үйлдвэрт данстай автомашинаас Төрийн бодлого зохицуулалтын газрынхан өөрсдөдөө шилжүүлсэн тухай жиргээ ч нисч байна лээ.

 

Харин  хөрөнгөө булаалгасан хувийн хэвшлийн хохирлыг хэн хэрхэн барагдуулах бол?

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХУЛГАЙН АРГААР АВЧИХААД ҮХСЭНИЙ ЧИНЬ ХОХИРОЛ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ? АНХНААСАА ИХ ХУРЛААР ОРУУЛЖ ЗӨВШӨӨРӨЛ АВААД ЗӨВ ЗАМААР ЯВАХ НЬ ЯАСАН ЮМ БЭ? ГАНЦ САЙХАНБАЛАГ ГЭДЭГ НОВШТОЙ ТОХИРООД ХИЙСЭН ХУЛГАЙ БИЗ ДЭЭ.
2017-04-27
Зочин:
Төр ард түмний нэр барисан дээрэмчид болжээ
2017-04-27