“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2017” эхэллээ
2017-04-28

“Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2017” Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. Нийслэл, орон нутгаас нийт 700 орчим төлөөлөл хуран цугласан уг зөвлөгөөнд УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүлснийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон уламжилж, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, оролцож үг хэлсэн юм. Зөвлөгөөнийг нээж Засгийн газрын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр үг хэлэхдээ “Барилга, хот байгуулалтын сайдын хувьд энэ салбарт хийх хамгийн эхний зорилт маань Монголын барилгын салбарын инеженер, технологийн ажилтан, ажилчид олон улсын зах зээлд гарах үндсэн хоёр шугамыг нээх явдал юм.


Үүнд барилгын материалын үйлдвэрлэл, эхний ээлжинд “Монгол базальт” үндэсний компани урд хөршид жилд 1.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортлохоор боллоо. Энэ эхлэл булган сүүлтэй байж Монголын олон компани, материал үйлдвэрлэгчид экспортлогч болно гэж найдаж байна. Хоёр дахь шугам нь Монголын барилгын томоохон компаниуд групп болон нэгдэж олон улсын хэмжээний төсөл хөтөлбөрт оролцох явдал” гэв.


Зөвлөгөөний үеэр салбарын яам болон нийслэлийн удирдлагууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Монголын барилгачдын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл сонирхолтой илтгэлүүдийг тавих юм. Мөн салбарын тулгамдсан асуудалтай холбогдолтой чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ, “Барилгын салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээр”-ийг байгуулна.


Мөн энэхүү зөвлөгөөний хүрээнд маргааш буюу 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал сэдвээр онцгойлон салбар хуралдаан болон улсын хэмжээнд барилга, нийтийн аж ахуйн салбарынхныг зөвлөлдөж буйтай холбогдуулан “Барилга экспо-2017” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм.

Shuud.mn
Сонин хачин