Бид ойрын хугацаанд хөтөлбөрөө батална
2017-05-02

УИХ дахь МАН-ын хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдааны дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нар хамтарсан хэвлэлийн хурал хийв.

 

 

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер:

 

-ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх хөтөлбөрт үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, эдийн засагт тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах, хоёрдугаарт, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах бодлогын баазыг бий болгох зорилготой юм. Монгол Улсын урт хугацааны төлвийн тухайд маш их боломж, нөөц байгаа гэж харж байна.

 

Энэ хөтөлбөрийг боловсруулахдаа бид Монгол Улсын Засгийн газар буюу Сангийн яам, Монголбанкны холбогдох хүмүүстэй нягт хамтран ажилласан. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгох бодлогыг боловсруулах чиглэлээр ажилласан. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах,  банкны системийг идэвхжүүлэх  зорилготой. Эдгээр бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд зээлийн хүүгийн түвшин ерөнхийдөө буурч, банкууд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн зээлээ дахин олгох нөхцөл бүрдэх юм.

 

Хөтөлбөрийн бодлогын арга хэмжээнүүд нь төсөв дээр голлон хэрэгжинэ. Төсвийн алдагдал маш их байгаа. 2016 оны төсвийн алдагдал ДНБ-ний 17 хувьтай тэнцсэн. Төсвийн алдагдал их байхын хэрээр их хэмжээний өр үүсч байгаа. Өр өндөр байна гэдэг нь төсвийн зарлагын ихэнхийг өрийн үйлчилгээнд зарцуулж байна. Өр өндөр биш байсан бол энэ их мөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг өөр зүйлд зарцуулах боломжтой байсан.

 

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулан оруулж ирснийг бид бүрэн дэмжиж байгаа. Өнгөрсөн онд ДНБ-ний 17 хувьтай тэнцэж байсан  төсвийн алдагдлыг энэ онд 10.5 хувьд хүргэх зорилтыг  Засгийн газар дэвшүүлсэн  2020-иод оны  эхэн үед төсвийн алдагдалгүй болох зорилт дэвшүүлснийг бид дэмжиж байгаа.

 

Төсвийн алдагдлыг бууруулахын тулд бодлогоор тохиргоо хийгдэж байгаа. Тохиргоотой холбогдуулан авч байгаа арга хэмжээнүүд болон гарч ирж байгаа тоонуудын өөрчлөлтийг Засгийн газартай тохиролцож баталгаажуулсан. Төсвийн бодлого дээр хийгдэж байгаа тохиргооны ихэнх хэсгийг төсвийн зарлага тал дээр хийгдэж байгааг онцолж хэлэх нь зүйтэй. Хөрөнгө оруулалтын зардлууд, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулахдаа зарлага их хийж байгаа. Үүнийг илүү сайн боловсруулж хийх ёстой юм.

 

Ингэснээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой гэж харж байгаа.   Төсвийн урсгал зардал дээр танах арга хэмжээ авагдсан. Жишээ нь төрийн албан хаагчдын тоог аажимдаа бууруулах бодлого тусгагдсан. Төсвийн бодлого дээр хийгдэж байгаа энэ тохиргооны 3/2 нь төсвийн зарлага тал дээрээ, 3/1 нь төсвийн орлого тал дээр байгаа. Шударга байдлыг хангах үүднээс нийгмийн халамжийн зардлыг бууруулаагүй. Татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь ядуу эмзэг бүлгийнхэнд ямар нэгэн ачаалал үүсгэхгүй байхаар тохиролцсон. Орлого тал дээр авч байгаа арга хэмжээний ихэнхи нь чинээлэг монголчуудад үйлчлэх юм. Ядуу эмзэг бүлгийнхэн орлого нэмэгдүүлэх арга хэмжээний нөлөөллийг амсахгүй гэж хэлж болно.

 

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг өсгөөгүй гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй. Хувь хүний орлогын татвар шатлалтай болж байгаа. Энэ шатлал нь өндөр орлоготой хүмүүс өндөр татвар төлөхөөр зохицуулагдсан учраас бага орлоготой хүмүүст хувь хүний орлогын албан татвар ямар нэгэн нэмэгдэл үзүүлэхгүй. Тэгэхээр дундаж амьдралтай хүн татварын нэмэгдлийг өөр дээрээ амсахгүй гэж хэлж болно. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Монгол Улсын эдийн засаг тогтворжино гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хөтөлбөрийн үр дүнд валютын ханш тогтворжино, инфляцийн  болоод хүүгийн түвшин буурна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хөгжил дэвшилд хүрэх бүрэн нөөц бололцоогоо дайчлах бололцоо бүрдэнэ. Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг 8 хувьд хүрэх боломж бий. Ингэснээр хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ.  Түүний мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулсан юм.

 

-Хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөнтэй холбоотой. Үүнийг дахин  нягтлах хугацаа хэзээ бол?

 

-Бид энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Ирэх 2-3 долоо хоногт багтаагаад хөтөлбөрийг батална.

 

-ОУВС-гийн зүгээс 7 төрлийн татварыг нэм гэсэн чиглэлийг өгсөн үү?

 

-Бидний хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөр маань хоёр талаасаа яригдаж байгаа гэдгийг байнга хэлж байгаа. Бодлогын хүрээнд талууд бүх асуудлууд дээр харилцан тохиролцож шийдвэрээ гаргасан.

 

-Уул уурхайн компаниудын мөнгийг дотоодын банкуудаар дамжуулах тухай асуудал гацаа үүсгээд байгаа. ОУВС яагаад дэмжихгүй байна вэ?

 

-Монгол Улсын тодорхой нэг компанитай байгуулсан гэрээний талаар бид байр сууриа илэрхийлэх боломжгүй. УИХ-ын тогтоолд тусгасан заалттай холбоотойгоор Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин муудах нөхцөл бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол бий. Ер Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин гадаадын хөрөнгө оруулалттай аль болох олон компанид хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ нь эргээд Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвартай сайн орчинтой болно гэдэгт итгэлтэй байна.

 

-Татвар эмзэг бүлгийнхэнд биш чинээлэг давхаргад чиглэгдсэн гэлээ. Гэхдээ Монгол Улс асар их уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байгаа мөртлөө бага татвар авч байна. Тухайлбал алтны татварыг нэмэгдүүлэх талаар гишүүд санал гаргаж байсан. Энэ талаар?

 


-Алтны татварыг нэмэгдүүлэхээр алт олборлогчид татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулах асуудал өнгөрсөн хугацаанд гарсан. Алт олборлогчдын татварын орчинг дэлхийн жишигт өрсөлдөхүйц түвшинд тогтоосноор алт олборлогчид өөрсдийн үйлдвэрлэл, орлогын хэмжээг үнэн зөв шударгаар мэдээлнэ. Үүний үр дүнд нөөц ашигласны Засгийн газарт төвлөрч буй орлогын хэмжээ сүүлийн үед нэмэгдсэн. Сүүлийн саруудад Монголын экспортолдог эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд нэмэгдсэн. Үүний үр дүнд Засгийн газарт илүү их орлого төвлөрч байгаа гэж ойлгож байна.

 

-УИХ-ын тогтоол дахь хөрөнгө оруулалттай холбоотой заалтад  ОУВС ямар байр суурьтай байгаа вэ? 


-УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулалттай холбоотой заалт тусгагдсантай холбоотойгоор ОУВС-гийн ажлын хэсэг макро эдийн засгийн түвшинд ямар үр дагавар гарах вэ гэсэн тооцоо судалгааг хийж байгаа. Тийм учраас одоогоор ямар нэгэн хариу өгөх боломжгүй.

 

-ОУВС-гийн захирлуудын зөвлөл хэзээ хуралдах вэ?


-Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин