Нэрт сэтгүүлчийн дурсгалд зориулсан цэнгүүн болно
2017-05-03

 

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан  нэрт сэтгүүлч С.Жамбалдоржийн нэрэмжит сан байгуулсан талаар үзэг нэгт нөхөд нь мэдээлэл хийлээ.

 

С.Жамбалдоржийн зохиосон “Хүний заяа” шүлгэнд төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ая хийсэн байдаг. Түүний гэгээн дурсгалд зориулан энэхүү уран бүтээлээр нэрлэсэн “Хүний заяа” дуун цэнгүүнийг гэр бүл, найз нөхөд нь зохион байгуулахаар болжээ.

 

Тоглолт тавдугаар сарын 8-нд 19.00 цагт УДБЭТ-ын тайзнаа болно. Энэхүү тоглолтоор сэтгүүлч С.Жамбалдоржийн нэрэмжит сангийн үйл ажиллагааг эхлүүлэх ажээ.

 

 

С.Жамбалдорж нь 1962 онд Москвагийн Улсын их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. “Үнэн”, “Монцамэ” агентлагийн сурвалжлагч, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонинд ерөнхий эрхлэгчээр ажиллаж байжээ. Тэрбээр Монголын сэтгүүл зүйд “Ярилцлага” гэх бичлэгийн зүйлийн оноосон нэрийг анхлан дэвшүүлсэн. Мөн түүхэн үнэнийг эдүгээчлэн харуулдаг “Экслибрис сурвалжлага” гэх сэтгүүл зүйн шинэ төрлийг 1973 онд анх санаачлан хэрэглэгдэхүүн болгожээ.

 

Сэтгүүлч С.Жамбалдорж Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди нарын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан. Түүнд 1997 онд Флоридын Их сургуулийн профессор цол олгосон бөгөөд Францын дорно дахины хэл иргэншлийн дээд сургуульд 1999-2005 онд багшилж байв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин