Гаднаас хараат бус байх бодлого барьж ажиллах ёстой
2017-05-04

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Манай улс 12 мянган км авто замтай, үүний 5300 км нь хатуу хучилттай, үлдсэн хэсэг нь сайжруулсан шороон зам. Авто замын ашиглалтын хугацаанд норм, нормативыг тогтоож, хэдэн жилийн дараа засвар арчилгаа хийх, хэдэн жилийн дараа их засвар оруулахыг зохицуулдаг. Шинэчилсэн найруулгын төсөлд авто замын чанарын баталгааг хоёр жил болгож, улмаар хариуцлагын асуудлыг илүү нарийн, дэлгэрэнгүй тусгажээ. Мөн авто замын эвдрэл гэмтэл нь зураг төслийн чанар, гүйцэтгэгч болон хяналт тавьдаг байгууллагууд, түүнчлэн сүүлийн үед хүнд даацын их оврын тээврийн хэрэгслүүд нэмэгдсэн нь нөлөөлж байгаа аж.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ч.Хүрэлбаатар төслийн 25.1.1-д импортоор оруулж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувийг Авто замын санд төвлөрүүлэхээр тусгасан байна. Энэ талаар санал авсан эсэхийг тодруулахад ажлын хэсгийн ахлагч, гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Төслийн энэ заалтыг  Засгийн газар болон Сангийн яам дэмжээгүй. Гэхдээ Ажлын хэсгийн хуралдаан дээр ярилцаж байгаад энэ заалтыг оруулж ирсэн. Учир нь өнөөдөр авто замын засвар, арчлалтад жилдээ 55 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл ердөө 10 тэрбум төгрөгийг л хуваарилсан байгаа нь авто замын засвар, арчлалтад хүрэлцэхгүй байгаа тул ингэж шийдсэн” гэсэн хариулт өгөв. Мөн гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төслийн энэ заалт нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөхцөлтэй зөрчилдөхөд хүрэх учраас саналыг дэмжихгүй байхыг гишүүдээс хүссэн юм. 

 

Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 60 гаруй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь авто замыг төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахаар болов.

 

 

Харин төслийн 25 дугаар зүйлд “импортоор оруулж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувь” гэсэн агуулгатай 25.1.1 дэх заалт нэмэхтэй холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажлын хэсэгт энэ саналаа татаж авахыг хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Х.Баделхан нар энэ нь хуулийн төслийн гол амин сүнс болох заалт учраас дэмжиж өгөхийг гишүүдээс хүсэв. Харин Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ Сангийн яамны зүгээс энэ заалт нь ОУВС-тай тохирох хөтөлбөрийн нөхцөлтэй зөрчилдөх учраас татаж авах нь зүйтэй гээд байгаа. Уг нь авто замын арчлалтад чухал ач холбогдолтой заалт. Жилдээ автомашины онцгой албан татвараас төвлөрдөг 88 тэрбум төгрөгөөс 16 тэрбумыг нь Авто замын санд төвлөрүүлэхээр тусгасан, дэмжих эсэхээ гишүүд өөрсдөө шийдэх нь зүйтэй гэсэн юм. Ингээд энэ саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжлээ.

 

Ингээд Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.   

 

 

Дараагаар нь УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ. 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Мөн энэ өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоол батлагдсан юм. Уг тогтоолоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр 13 заалт бүхий тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

 

Харин Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “11/ гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” гэсэн дэд заалт нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа учраас Сангийн сайд тогтоолын энэ заалтыг хүчингүй болгох хүсэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Иймээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хороо “Монгол Улсын  Их Хурлын тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын төсөл боловсруулан өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр  тогтоолын 1 дэх заалтын 11 дэх заалтыг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан  гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Албан тоотыг дэгийн хууль зөрчин оруулж ирсэн нь буруу. Тогтоолын энэ заалтыг хөндөхгүйгээр асуудлыг шийдэх боломж бий. Энэ бол ихээхэн ач холбогдолтой заалт гээд энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн юм. Харин Төвсийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Улс орны эдийн засаг амаргүй байгаа ийм үед цаг алдах эрх бидэнд алга. Нөгөө талаар энэ хүндрэлтэй байдлаас хурдан гарч эдийн засгаа хурдан сэргээхэд ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр маш чухал болоод байна. Иймээс аль аль талдаа ойлголцоод явах хэрэгтэй байна хэмээлээ.

 

Ингээд хуралдаан даргалагч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгснөөр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарласан. Чуулганы нэгдсэн хуралдаан 19 цагаас үргэлжилж, эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Энэ асуудлаар танай манай гэх асуудал байхгүй. Гол нь гаднаас хараат бус байх бодлого барьж ажиллах ёстой. Гадагш нь түүхий эдээ үнэгүй өгөөд оронд нь зээл аваад байж таарахгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

 

Уг тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 36 нь буюу 65.5 хувь нь дэмжлээ.

 

Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Shuud.mn
Сонин хачин
хараат:
ЭРХ МЭДЭЛД ИХ ДУРТАЙ ГЭвЧ ЧАДВАРГҮЙ МЭРГЭЖИЛТНҮҮД ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛЧИХДОГ6
2020-11-10