Сэжигтний баривчлах хугацааг сунгах уу
2017-05-05

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нялх, балчир хүүхийн хүнсний бүтээгдэхүүний  болон Хог хаягдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлгээр үргэлжлүүлэн хийлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм.  Төсөлд иргэний нэхэмжлэгч, хариуцагчтай холбоотой зохицуулалтыг шинээр нэмж оруулах, гэрч хохирогчийг мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, “Зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ” гэсэн нь Эрүүгийн хуульд заасан “зорчих эрхийг хязгаарлах ял”-тай нэршлийн хувьд давхцаж байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээний нэрийг “хязгаарлалт тогтоох” гэж өөрчлөх, таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд цэргийн албан хаагчтай холбогдох зохицуулалтыг нэмэх, шүүхийн бүх шатнаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг төсөлд нэмэх, сэжигтнийг баривчлах хугацаа 24 цаг байсныг 48 цаг болгон өөрчлөх зэрэг санал багтжээ.

 

Уг төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нухацтайгаар хэлэлцэх шаардлагын үүднээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтийг УИХ-ын даргад гаргав.  Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар энэхүү төслийн хэлэлцүүлгийг ийнхүү хойшлуулсаар байвал энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манай улсад хууль эрх зүйн орчны гажуудал, зөрчил үүсэх эрсдэлтэй хэмээн тайлбарласан юм. Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад үүсээд буй нөхцөл байдлыг нягталж, төслийн зохицуулалтыг нягтлах боломжийг хангах үүднээс УИХ дахь АН-ын бүлэгт дөрөв хоногийн засварлага өгөхөөр УИХ-ын дарга шийдвэрлэв.

 

Дараагаар нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшх хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. Дараагаар нь  хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин