Эмзэг бүлэгт чиглэсэн бодлого явуулна
2017-05-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын явцын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийж,  цөөнхийн гишүүдийн асуулт тавьж хариулт авав.  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Барилга, бүтээн байгуулалтын ажлын талаар улстөржилгүй зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Хөвсгөлд  зам тавьсан бол Архангайд  ”Гудамж” төслийг хэрэгжүүлсэн.  Цементийн дотооддоо хангаж байгаа нь зөв. Цементийн үйлдвэрийн гурав нь Чингис бондоос боссон. Үйлдвэрлэлээ дагаад ажлын байраар хангах ёстой. Ажлын байраар хангасан уу. Замын Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтэц хэзээ дуусах вэ? Ипотекийн зээлийг хэзээ олгож эхлэх вэ?

 

БХБ-ын сайд Г.Мөнхбаяр:

 

-Цементийн үйлдвэрүүд  үйл ажиллагаагаа эхлүүлэх нөхцөл бүрдсэн. Тэд үйлдвэрлэлээ зургадугаар сараас гаргана. "Монцемент" үйл ажиллагаагаа эхлүүлж, үйлдвэрлэлээ гаргаад эхэлсэн. Зам-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн ажил туйлын хангалтгүй хийсэн байсан. Улсын комисс ажил гүйцэтгэгчийн ажлыг хангалтгүй гэж үзсэн. Ипотекийн зээлийн хувьд боломжиндоо тулгуурлаад 30-35 тэрбум төгрөгийг Монголбанкнаас арилжааны банк руу сар бүр шилжүүлж байгаа. 2017 онд 350 тэрбум төгрөгийг  ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр баталж, эрх өгсөн.

 

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

 

-ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой 1.5 тэрбум төгрөгийг Монгол Улсаар дамжуулахгүй байх буулт хийсэн.  ОУВС-гийн суурин төлөөлөгчийн ярьж байгаагаар эмзэг давхрагынхны амжиргаанд нөлөөлөхгүй гэж байсан. Хүүхдийн мөнгө зарим хүүхдүүдэд очихооргүй байгаа. Айл өрхөд хүүхдийн мөнгө 20 төгрөг орж ирнэ гэдэг хэрэглээгээ зохицуулах чухал зүйл. Тиймээс дээрх асуудалд анхаарлаа хандуулж, зохицуулалт хийх хэрэгтэй.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

 

-ОУВС-гийн тавьсан шаардлагын дагуу бид нөхцөл байдалд зохицуулалт хийсэн. Хүүхдэдээ өгч байгаа мөнгөнөөсөө татгалзаад байх зүйлгүй. Одоогийн хөтөлбөрийн хүрээнд эмзэг бүлэгт чиглэсэн бодлогоо явуулах хэрэгтэй.  Автомашины онцгой албан татварын хүрээнд приус маркийн машинтай холбоотой асуудал тавьсан. Гэтэл приус маркийн машин хэрэглээнээс гарсан тохиолдолд хорт бодис их ялгаруулдаг.  

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Дараагаар нь Үндсэний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин