Зам тээврийн осолд 4 хүүхэд өртжээ
2017-05-08

ОРОН СУУЦ БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН ДУНДАХ ЗАМД ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХ ЯВДАЛ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

 

Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 87 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

 

2017 оны 05 дугаар сарын 06,07-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 623 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 451 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 10, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна.  

 

Тухайлбал:

 

  1. СХД-ийн нутаг Драгон төвийн хойд 23В байрны хойд замд H.Insight маркийн автомашины жолооч А нь гэрийнхээ гадаа тоглож байсан явган зорчигч 8 настай А-г мөргөж гэмтээсэн.
  2. БГД-ийн нутаг Нарны хорооллын 13-р байрны урд замд T.Prius маркийн автомашины жолооч Т нь байрныхаа гадаа ээжтэйгээ хамт тоглож байсан 3 настай А-г мөргөж гэмтээсэн.

 

Орон нутагт:

  1. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгоо багийн нутаг Бэл гэх газрын асфальтан замд T.Will маркийн автомашин онхолдож, зорчигч О-н амь нас хохирсон.

 

Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөний 3 нь гэрийнхээ тоглож байсан байна. Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэж байна.

 

Бага насны хүүхдүүд нь сониуч зантай бөгөөд хурдан хөдөлгөөнтэй байдаг тул явж буй автомашины урдуур гэнэт гүйж орох нь бий. Иймд эцэг эхчүүд хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах, автомашин ойртон ирж байгаа тохиолдолд хөтлөх буюу тэврэх, мөн аюулгүй газар хүргэх, жолооч нар хороолол дундах замд хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм. 

 

 

Shuud.mn
Сонин хачин