“Бид нэг гэр бүл тоглолт” 5 дахь жилдээ
2017-05-08

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг Олон Улсын “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Тэгвэл Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Филармониос хэрэгжүүлж буй “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг Гэр бүл” тоглолтоо үзэгч сонсогчид та бүхэндээ 5 дахь жилдээ толилуулах гэж байна. Уг тоглолт нь анх 2013 онд улсын Филармонийн дуучдийн санаачлагаар нийгэмд сайн сайхныг уриалсан, бат бэх гэр бүлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж байсан билээ.

 

Гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс төдийгүй үндэсний ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин байдаг билээ. Тиймдээ ч Олон улсын Гэр бүлийн өдөр гэдэг утгаараа энэ жилийн тоглолтонд олон орны дуу, хөгжим эгшиглэхээрээ онцлогтой аж. Тоглолт 2017 оны 05-р сарын 13-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох юм.

 

Тоглолтонд Улсын Филармонийн улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, П. Өнөржаргал /СТА/, Б. Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б. Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т. Отгонбаяр, С. Нямбаяр, “Баянмонгол” биг бэнд, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ болон Симфони найрал хөгжмийн камерны оркестр, Морин хуурын чуулгын “Ятгын Квинтет”, “Чөлүгэн” морин хуурын дөрвөл зэрэг уран бүтээлчид оролцоно.

 

Мобикомын хэрэглэгчид тоглолтын тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авах нөхцөлийг бүрдүүлсэн ба 100 CANDY-ээр 5000 төгрөг хямдруулан авах боломжтой. Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn-ээр худалдаалж байна. Тоглолтын хамтран ажиллагчаар Гэр бүлийн радио 104,5 ажиллаж байгаа ба дэлгэрэнгүй мэдээллийг: 701180128801085499196623-с лавлана уу.

Shuud.mn
Сонин хачин