Фото: Улсын цолонд ойрхон бөхчүүд
2017-05-09

Улс төр мэдээллийн www.polit.mn сайт улсын цолонд ойрхон найман хүчтэнийг танилцуулж байна. Тэдний талаарх фото болон чөлөөт танилцуулгыг үзнэ үү.

 

 

Ш.Мөнгөнбаатар ясны сайн бөхийн нэг. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат “Энгүй тал” компанийн бөх хэмээн цоллуулж гардаг. Улсын цолтнууд Ш.Мөнгөнбаатарыг амладаггүй. Энэ нь түүний олон талт барилдаанч чанартай нь холбоотой. Гар ачих, хөмрөх, тонгорох гээд дархан гэхээр хэд хэдэн мэхтэй заал танхимын барилдаан өнждөггүй шахам болохоор байнгын бэлтгэлтэй ч байдаг. Гэхдээ улсын баяр наадмаар л азгүйтээд байдаг шиг санагддаг. Уг нь бор зүрхээрээ, бурхнаас заяасан эр бярынхаа хэмжээгээр барилдаж яваа байх л даа. Амжилт нь гэвэл аймаг, цэргийнхний барилдаанд 14 у даа түрүүлж,  11 үзүүрлэсэн байна. 2011 онд сар шинийн барилдаанд улсын аварга, арслангуудыг орхиж түрүүлсэн нь аймгийн цолтой бөхийн хувьд ховорхон тохиолдол, том амжилт гэж болно.

 

 

Завхан аймаг Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд Засагтханы Завхан дэвжээнд харьяалагдан барилдаж байна.  Тэрээр олон барилдаанаас улсын цолонд ойрхон бөхийн шагнал авч байсан.   2013 онд аймгийнхаа баяр наадамд аймгийн заан Б.Бадамсүрэнгээр найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртжээ.  2014 онд "Өрнөх" чимэг,  2016 онд үлэмж чимэг хүртсэн байна.

 

 

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан М.Бадарч “Бөх билэгт” дэвжээнд харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хийж байна.  Нутгийнхан нь  түүнийг улсын цолонд удахгүй хүрч аваргуудаа залгана хэмээн итгэл найдвар тээн хүлээдэг.   Мөн заалын барилдаандаа илүү мэхтэй хэмээн тодорхойлдог байна. 

 

 

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Аймгийн арслан Н.Золбоо хонгор нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл сургуулилтаа базаадаг. Түүний аав Дундговь аймгийн гаралтай хүн ч  гэлээ тэр ээжийн нутгаар овоглон монгол бөхийн дэвжээнээ дуудуулдаг байна. Багадаа  зургаан залуу зааны барилдаан тэр дундаа Д.Сумъяабазар аваргын барилдааныг их үздэг байжээ.  Аварга шиг бөх болохыг мөрөөдөн энэ салбарт орсон гэдэг.

 

 

Оргихын Хангай гэж улсын цолтны эгнээнд барилдаж байна.  Анхандаа сар шинийн барилдаанд үзүүрлэхдээ л сайн бөх болох нь гэдгээ харуулсан хүн. Ховд аймгийн Буянт сумын унага. Бөхтэй ч газрын хүн дээ. Заалны барилдаанд түрүүлж, үзүүрлэж үзсэн. Ер нь тун барилдаантай бөх. Түүнийг удах тусмаа чангардаг гэж бөхчүүд ярьдаг юм билээ. Бас л улсын аварга, арслангууд амлахаас эмээдэг болсон. Ер нь улсын цолт хүрэх нь энхүүхэнд байх. Начинаар ч тогтохгүй дээ энэ Хангай гэж бөхийн мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээ. Ноднин Даншигт сайхан барилдаж “даншгийн начин” болчихсон. Ёстой бяр тэнхээ нь жигдэрч дээлэндээ багтаж ядаж яваа бөх шүү дээ.

 

 

Булган аймгийн Орхон сумын харьяат сумын заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл бөхийн удамтай нэгэн. Өвөг эцэг нь 1959 оны улсын их баяр наадамд дөрөв даваад улсын арслан хужаа хэмээх Ө.Чүлтэмсүрэнд унасан аймгийн хурц арслан Бадамын Одонгарав юм. Б.Түмэндэмбэрэл Жүдо барилдааны өсвөр үеийн улсын аваргын хошой хүрэлтэй. Орхон суманд 2011 онд шөвгөрч, 2012 онд түрүүлж сумын заан цол хүртээд, 2013 онд Булган аймгийн Хялганатад шөвгөрсөн. Намрын нээлтийн барилдаанд дөрвийн даваанд Хөвсгөлийн Н.Мөнх-Эрдэнийг хаяж, Завханы Д.Ядмаад унасан байдаг.  Мөн Даншигийн наадам зодоглож заан цол хүртэж байсан билээ.  Өнгөрсөн жил сумын заануудын барилдаанд илүүрхэж явсан ах нарын орон зайг эзлэх дараагийн залуусын нэг мөн билээ.

 

 

Төв аймгийн Баянчандмань сумын уугуул, аймгийн арслан Э.Ууганбаярыг бөх сонирхогчид улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэдэг.  Тэрээр өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадмаар аймгийн арслан Г.Ганжадыг орхин түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм. Э.Ууганбаяр мөн пауэрлифтингийн спортоор хичээллэдэг билээ.

 

 

Увс аймгийн Тэс сумын харьяат Цэдэндоржийн Мөнхбаяр "Дулааны цахилгаан станц-3" төрийн өмчит компанийн бөх хэмээн дуудуулдаг.  1961, 1963 онуудад Увс аймагтаа түрүүлсэн М.Норов арслангийн удмын хүчтэн юм.  Тэсийн аймгийн заан Ч.Батсуурь ч ойрын хамаатан. Өдгөө Д.Бумбаяр зааны удирдлагад бөхийн бэлтгэл хийж байгаа, бөхийн А үсэг заасан багш нь биеийн тамирын багш Жамсран нь юм.

 

Эх сурвалж: www.pollit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эд нар чаддаг юм бол жудо, самбо, чөлөөтөөр барилдаж нэрээ дэлхийд гаргах хэрэгтэй. Хий дэмий тарган бүдүүн гахай болж яах юм бэ?
2017-05-09
Зочин:
Би Ховдын хүн.Эхлээд Ш.Мөнгөнбаатар улсын харцага болог , дараа нь манай О.Хангай улсын заан болох болтугай
2017-05-09