Э.Содномпилжээ: Олимпийн бэлтгэлээ базааж эхэлсэн
2017-05-10

Унгарын Эгер хотод энэ сарын 26-нд пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн боллоо. Уг тэмцээнд “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ хэвтээ шахалтын 97 кг-ын жинд 210 кг өргөж аваргын алтан медаль хүртжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

 

-Хоёр сарын өмнө та дэлхийн цомын аварга болсон. Өнөөдөр дахин Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртээд ирлээ. Аварга цолоо баталсан танд баяр хүргэе.

 

-Баярлалаа. Энэ удаагийн тэмцээнд  Европ болон Өмнөд Америкийн улс орны 200 гаруй тамирчин оролцлоо. Миний хувьд 97 кг-ын жинд тив дэлхийн тэмцээнд хоёр дахь удаагаа оролцоод алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Иракийн тамирчин, хүрэл медалийг Узбекстаны тамирчин хүртсэн.

 

-Энэ тэмцээн таны жин өгсөж оролцсон хоёр дахь тэмцээн байлаа.

 

-Миний хувьд энэ жил УАШТ-нд зориуд жин өгсөж 105 кг-ын жинд өрсөлдөж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Үүний дараа Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 97 кг-ын жинд оролцсон. Энэ удаад мөн 97 кг-ын жинд 210 кг өргөж аваргын алтан медаль хүртлээ.

 

-Шинэ жингийн өрсөлдөгчид амаргүй байв уу?

 

-Хүчтэй өрсөлдөгч олон байлаа. Би энэ удаад дарж өргөсөн. Ойрхон захиалгатай тамирчин байхгүй тул багаар эхэлж, захиалгаа дарж өгөөд, өмнөх дэлхийн цомын аваргын тэмцээнээс нэг килограммаар давуулж өргөсөн.

 

-Дэлхийн цомын тэмцээн цувралаар явагддаг уу?

 

-Тийм ээ. Паза гээд Азийн цуврал тэмцээн болдог. Мөн Малайз, Эгерийн цуврал тэмцээнүүд болдог.

 

-Өмнөх дэлхийн цомын тэмцээнд дасгалжуулагчгүй явсан. Энэ удаад мөн багшгүй явсан гэв үү?

 

-Тийм ээ. Багш маань яваагүй. Би үндэсний шигшээ багийн тамирчидтай хамт явсан. Өмнө нь зардал мөнгөгүйн улмаас багш яваагүй. Энэ удаад бие нь чилээрхсэн тул олон цагийн нислэг тул багш маань өнжсөн.

 

 

 

-Дэлхийн цомын тэмцээний хошой аварга боллоо. Бэлтгэл сайн байна даа?

 

-Тийм шүү. 2020 оны Токиогийн олимпод төрийн дууллаа эгшиглүүлэхийг зорьж бэлтгэлээ маш сайн базааж байгаа. Бэлтгэл ерөнхийдөө жигдэрсэн. Бэлтгэлийн систем маш сайн байгаа учраас хоёр ч дэлхийн цомоос алтан медаль хүртлээ гэж бодож байна. 2017 он гараад олон улсын хоёр тэмцээнээс алтан медаль хүртлээ. УАШТ-аас алтан медаль хүртсэн. Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ эрч хүчээрээ 2020 оны Токиогийн олимпод амжилттай оролцох төлөвлөгөөтэй бэлтгэл сургуулилтаа хийж байна даа.

 

-Цаашдын тэмцээн уралдааны төлөвлөгөө юу байна вэ?

 

-Ирэх есдүгээр сараас аравдугаар сарын хооронд Мексикт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд сайн оролцож амжилтаа ахиулахыг зорьж байна. ДАШТ-нд жин өгсөж 107 кг-ын жинд орно. Багш бид хоёр дөрвөн жилийн дараа олимпод 107 кг-д оролцохоор зорьж байгаа учраас бэлтгэлээ 107 кг-аар хийж, жингээ нэмнэ.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин